fairy-tale-cinderella

Cinderella / Үнсгэлжин 5 минут үлгэр унших

Сошиалд хуваалцах уу?

Үлгэр унших цаг: Үнсгэлжин

Унших хугацаа: 7 minutes

Эрт урьдын цагт, Үнсгэлжин охин хойд эх болон түүний 2 охины хамтаар амьдран суудаг байжээ. Хөөрхий Үнсгэлжин охин гэр орныхоо хамаг л ажлыг хийж, харин түүний ээж эгч хоёр нь гараа хумхин юу ч хийдэггүй гэнэ.  Үнсгэлжин охин л өглөө болгон босож галаа түлэн гэрээ дулаацуулж, өдөр болоход хоолоо хийж, байнга үнс болчихсон явж байдаг тул түүнийг хоёр эгч нь шоолон Үнсгэлжин гэж дууддаг болсон юмсанж.

Гэтэл нэгэн өдөр, маш том мэдээ хот даяар тархлаа. Хаан, хатан хоёр өөрсдийн ханхүүгээ эхнэр олоосой хэмээн хүсэж оройн үдэшлэг зохион байгуулж байгаа гэнэ. Хотын бүх охидууд энэ үдэшлэгт уригдсанаа мэдээд тэд гайхан баярлалдаж байв. Тэд ханхүүд таалагдахын тулд хамгийн гоё хувцасаа өмсөж, хамгийн гоёоор үсээ засна хэмээн төлөвлөж байлаа. Харин Үнсгэлжингийн хувьд түүнд зөвхөн хийх ажил л үстэй толгойноос их болсон байв. Тэр хоёр эгчдээ цоо шинэ даашинз оёох шаардлагатай болжээ.

“Хурдлаач” хэмээн нэг эгч нь орилно.

“Чи үүнийгээ даашинз гээд байгаа юм уу?” хэмээн нөгөөдөх нь хашгирна.

“Яанадаа надад хэзээ-“ хэмээн Үнсгэлжин өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байхад хойд эх нь гэнэт гарч ирээд хөөрхий Үнсгэлжингээс “ Чи ЯАХ ГЭЖ байгаа юм бэ?” гэж асуув .

“Надад хэзээ өөрийнхөө даашинзыг хийх цаг гарах болдоо?” хэмээн Үнсгэлжин хариулав.

“Чи юу? Хэн ЧАМАЙГ үдэшлэгт явна гэж хэлээв?” хэмээн хойд эхийг уурлахад хажуунаас нь хоёр эгч нь Үнсгэлжинг дооглон “ Ямар хөгтэй хэрэг вэ? Үнс болсон охин үдэшлэгт явна гэнэ шүү” гэж хэлжээ. Үнсгэлжин охин өөртөө энэ үед “ Тэд намайг үнс болсон гэж харж байгаа ч гэсэн би тийм бишээ. Би чадвал заавал үдэшлэг рүү явах болно” гэж амлалт өглөө.

 Удахгүй хойд ээж болон хоёр муухай санаатай охидын үдэшлэг рүү явах цаг ч боллоо. Тэд тэргэндээ суугаад хурдхан шиг давхиж өглөө шүү. “Баяртай, цагийг сайхан өнгөрүүлээрэй” гэж хэлэх Үнсгэлжингийн үгийг ч сонсож амжилгүй түүнийг үлдээгээд явчихлаа.

Үүнийг харсан Үнсгэлжин санаа алдаад “Би ч гэсэн үдэшлэг рүү явах юм сан” гэж хэлэхэд – Пүүф! Гэнэт түүний өмнө шидэт дагина гарч ирж гэнэ.

Үнсгэлжин хурим

“Чи намайг дуудав уу?” гэж шидэт дагина асуув.

“Би дуудсан гэж үү? Та хэн бэ?” хэмээн гайхсан Үнсгэлжин асуухад

“Би юу? Би бол чиний шидэт дагина эх байна. Чиний хүслийг сонсоод биелүүлэхээр би ирлээ” хэмээн тэр хариуллаа.

Үүнийг сонсоод Үнсгэлжин “Миний хүсэл биелэгдэх боломжгүй шүү дээ” хэмээн гунигтайгаар хэлэхэд шидэт дагина эх “ Би дөнгөж сая гэнэт ид шидээр гарч ирсэн анзаарсан уу?” хэмээн асуулаа.

“Тиймээ”

“Тэгвэл би юу боломжгүйг шийдэх болно”

“Та намайг үдэшлэг рүү явахыг хүсэж байгааг мэдэж байгаа байх, гэхдээ намайг хар л даа” гэж хэлээд Үнсгэлжин охин өмсөж байгаа үнс болсон хувцсаа харуулав. Үүнийг харсан шидэт эх “Хувцасаа хоёулаа солих хэрэгтэй юм байна даа” гэж хариулав.

“Хувцастай байсан ч гэсэн би хэрхэн үдэшлэг рүү явах билээ. Надад сүйх тэрэг ч байхгүй шүү дээ” гэхэд шидэт дагина эх “ Хонгорхон минь дээ, битгий санаа зов бүх зүйл чиний хүссэнээр болох болно” гэж хэлээд шидэт дохиураараа толгойд нь ганц л хүрлээ.

Дохиур Үнсгэлжингийг толгойд хүрмэгц түүний хувцас цэвэрхэн, цэнхэр даашинз болон хувирч, түүний үс нь гайхалтай үзэсгэлэнтэй болж хувирлаа гэнэ. “ Үнэхээр гайхалтай юм” хэмээн Үнсгэлжин өөртөө ч итгэхгүй баярлаж зогсоход

“Ингээд л болоо гэж бодож байна уу” гэж шидэт дагина эх асуугаад дахин нэг удаа дохиураа дохьлоо. Энэ үед үзэсгэлэнтэй сүйх тэрэг, жолооч болон 4 цагаан морьдын хамт урд нь ирж зогслоо.

“Би зүүдлээд байна уу даа” хэмээн Үнсгэлжин эргэн тойрноо нүдэндээ итгэж ядан харж зогслоо.

“Энэ бүгд жинхэнэ. Гэхдээ чи ямагт нэг зүйлийг сайн санаж байх ёстой.”

“Юуг, шидэт дагина эх минь?”

“Энэ бүгд шөнө дунд 12 цаг болж цагийн зүү 12 удаа цохиход бүгд алга болох болно. Чи түүнээс өмнө буцаж ирэх ёстой шүү.” Гэж шидэт дагина эх анхаарууллаа.

“Би заавал шөнө дундаас ирэх болно” хэмээн Үнсгэлжин амлалт өгөхөд “Сайн байна. Миний явах цаг боллоо.” Гэж хэлээд шидэт дагина алга боллоо.

Үүнийг харсан Үнсгэлжин “Саяны бүх явдал зүүд байсан уу?” хэмээн гайхширтал тэр үдшийн үзэсгэлэнтэй даашинзтайгаа, урд нь сүйх тэрэг жолоочтойгоо зогсож байгааг хараад үнэн байна гэж итгээд сүйх тэргэндээ суугаад үдэшлэг рүү давхилаа.

Харин үдэшлэгт, ханхүү гунигтай царай гарган зогсож байгааг харсан хатан “ Юу болов миний хүү, яагаад гунигтай царай гаргав?” хэмээн асуулаа. “ Эргэн тойрноо хар л даа! Хотын хамгийн хөөрхөн охидууд энд цугласан байна шүү дээ”

Үнсгэлжин

“Харж байнаа, ээжээ” гэж ханхүү хариулсан боловч түүний сэтгэлд таалагдсан охин ганц ч байхгүй байлаа. Тэр олон охидтой уулзаж яриа өрнүүлэхийг хичээсэн боловч таарч тохирох охин олдсонгүй гэнэ.Тэгтэл гэнэт нэг хүн үүд рүү заагаад

“Хараач, тэр хэн бэ?” гэж чангаар хэлэв.Бүх хүмүүс тэр зүг рүү харахад үзэсгэлэнтэй охин шатаар бууж явав гэнэ. Гэхдээ хэн ч түүнийг таньсангүй. Түүнийг харсан ханхүү тэр үзэсгэлэнтэй охинтой бүжиглэхээр шийдэн түүн дээр явж очлоо.

“Хоёулаа өмнө нь уулзаж байсан бил үү?” гэж ханхүү асуухад.

“Одоо танилцаж болно шүү дээ” гэж Үнсгэлжин хариулаад ханхүүд мэхийн ёслов.

“Чамтай өмнө нь уулзаж байсан юм шиг санагдаад байна. Гэхдээ энэ чинь боломжгүй зүйл” хэмээхэд Үнсгэлжин

“Хэрвээ та хүсэх юм бол, бүх зүйл боломжтой шүү дээ” гэж хариуллаа. Үүнийг сонссон ханхүүгийн зүрх булгилан цохилж Үнсгэлжин ханхүү хоёр үдшийн бүжгээ эхлэв. Үүнийг харсан бусад охидууд атаархаж эхлэв. Гэхдээ ханхүүд энэ хамаагүй байлаа. Түүний нүдэнд зөвхөн Үнсгэлжин л байв. Тэд ярилцаж, бүжиглэж, инээлдэж цагийг маш зугаатай өнгөрүүлж байв. Бүр Үнсгэлжин цаг марттал шүү.

Цагийн зүү 12-т хүрч 12 удаа цохилж эхлэв. Үүнийг сонссон Үнсгэлжин “Шөнө болчихлоо, би явах ёстой” хэмээн уулга алдав. “Яагаад? Бид дөнгөж сая уулзсан шүү дээ. Үлд л дээ” хэмээн ханхүү гуйхад. “Би явах ЁСТОЙ” хэмээгээд Үнсгэлжин гараад гүйв. Гэвч тэр сандарч гүйж явахдаа болор шаахайгаа орхиод гүйчихжээ.

“Хүлээ л дээ, гуйж байна.” Гэсэн гуйлтыг Үнсгэлжин сонсоод сүүлийн удаа эргэж харлаа.

“Баяртай” гэж Үнсгэлжин хэлээд хаалгаар гараад гүйв. Тун удалгүй цаг сүүлийн удаа цохилж шөнө дунд болжээ. Ханхүү ардаас нь гүйхэд Үнсгэлжин аль хэдийн алга болчихсон байлаа. Үнсгэлжинг хэрхэн олох талаар бодож байтал тэр газарт унаад үлдсэн болор шаахайг харав. Болор шаахайг сайн анзаараад өөр хэний ч хөлөнд таарахгүй илбэ шидийн болор шаахай болохыг олж мэдэв. Тэгээд энэ шаахайг ашиглаж түүнийг олоод эхнэрээ болгон гуйхаар шийдэв гэнэ.

Үнсгэлжин шаахай

Маргааш ханхүү нь цэрэг эрстэйгээ хамт байшингаас байшин явж хотын бүх охидод болор шаахайг өмсүүлэв. Гэхдээ хэний ч хөл таарсангүй гэнэ. Тэгсэн ч ханхүү шантарч гуниглалгүй явсаар эцэст нь Үнсгэлжингийн гэрт ирэв.  

“Ханхүү ирлээ” гэж нэг хойд эгч цонхоор хараад ориллоо.

“Хаалган дээр ирчихлээ шүү дээ” хэмээн нөгөө эгч нь орилов. Үүнийг харсан хойд ээж нь “ Хурдалцгаа, хувцасаа янзал. Ямар ч аргаар хамаагүй та хоёрын нэгнийх нь хөл энэ гуталд орох ёстой шүү” хэмээн муухай санаат хоёр охиноо яарууллаа.

Ханхүү хаалга тогшиж хойд эх хаалгаа тайллаа.

“Орцгоо,  манай гэрт хоёр үзэсгэлэнт охин байгаа” хэмээн хойд эх танилцуулаад өөрийн охидуудын хөлд болор шаахайг өмсгөв. Гэхдээ хойд эхийн охид хичнээн хичээсэн ч болор шаахай хөлд нь таарахгүй байлаа. Үүнийг харсан ханхүү “Энэ гэрт өөр эмэгтэй хүүхэд байгаа юу?” гэж асуув.

“Байхгүй” гэдэг хариултыг сонссон ханхүү явахаар зэхэж байтал Үнсгэлжин “Би байна” гэж гарч ирлээ.  Үүнийг харсан хойд эхийн уур нь хүрч хөөрхий Үнсгэлжин рүү муухай харав гэнэ. Харин ханхүү Үнсгэлжинг хараад болор шаахайг өмсөж үзэхийг урилаа. Үнсгэлжин болор шаахайг өмсөхөөр очтол ханхүү өвдөг дээрээ сөгдөн болор шаахайг өөрийн биеэр Үнсгэлжингийн хөлд өмсүүллээ. Болор шаахай ч таарлаа. Нэг болор шаахайг Үнсгэлжин өмсөөд нөгөө болор шаахайг даашинзныхаа карманаас гаргаж ирлээ. Үүнийг хараад ханхүү баярлан

Үнсгэлжин гутал

“Би мэдэж байсан юм. Тэр охин чи байна” хэмээн уулга алдлаа. Үүнийг сонссон хойд эх, хоёр охинтойгоо “ТЭР БИШЭЭ, ТИЙМ БАЙХ БОЛОМЖГҮЙ” хэмээн орилолдож эхлэв. Гэхдээ тэднийг ханхүү тоосонгүй. Тэр Үнсгэлжинг сэтгэлдээ тэр үдшийн үзэсгэлэнт охин болохыг мэдэж байлаа. Тэр Үнсгэлжингийн нүд рүү хараад хэлэв

“Би чамайг олчихлоо”

“Би ч гэсэн чамайг олчихлоо” гэж Үнсгэлжин хариулаад тэр хоёр ханхүүгийн цайз руу хамтдаа явлаа. Тун удалгүй тэд хуримаа хийж аз жаргалтай урт удаан амьдарч гэнэ.

Санал болгох нийтлэл:

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл