аргат улаан үнэг

Хүүхдийн Шүлэг

Сошиалд хуваалцах уу?

Хүүхдийн шүлгүүд

Би монгол хүн

Ч.Чимэд


Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Тэмүжин

Ш.Сүрэнжав

Дэлүүн Болдогийн дэнжид
Дэрвэж өссөн Тэмүжин
Дэлхийн өндөр дэвжээнд
Дэвшиж мандсан Чингис хаан
Онон мөрний усанд
Шумбаж өссөн Тэмүжин
Олон овгийн тэргүүнд
Оройлж гарсан Чингис хаан
Найман шаргын нуруунд
Наадаж өссөн Тэмүжин
Нахиу баяны Боорчитой
Найзалж явсан Чингис хаан
Мөнгөн саатай Хэрлэнд
Дүрээ тольдсон Тэмүжин
Мөнх тэнгэрийн хүчин дор
Түүхэнд манлайлсан Чингис хаан

Унага

Ж.Дашдондог
Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө жороотой
Хүзүүндээ молцогтой
Чонон хоёр чихтэй
Цолмон хоёр нүдтэй
Сүүлээрээ тоглодог
Сүүдрээсээ бусгадаг
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага

Миний хэнз хурга

Д.Нацагдорж

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дундаас
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроо
Тэр бид хоёр тоглодог

Эрвээхий

Ж.Дашдондог

Эрээн цоохор эрвээхий
Эрэг нугаар дэрвээхэй
Цэцэг цэцгээр хэсээхэй
Цэнгэн баясан нисээхэй
Үдшийн нарнаар жаргаахай
Үүлэн сүүдрээс үргээхэй
Газрын цэцэг найгаахай
Ганган бүжиг хийгээхэй
Тэнгэрийн цэцэг эрвээхий
Тэндхийн бүжигт эргээрэй

Өвөөгийн сургаал

Д.Санжжав

Хараал үгийг цээрлэж яв
Ерөөл бүрийг цээжилж яв
Хүн бүгдийг хүндэлж бай
Хэн бүхэнтэй мэндэлж бай
Ажил үйлд нь амжилт хүсэн айлтгаж сур
Өвөө надад захиж сургамжилна
Өөрөө түүнийгээ сахиж үлгэрлэнэ

Зун

Д.Маам
Намираа бороо орж
Навч цэцэг дэлгэрэн
Нарийн голд очиж
Наадаж бид шумбана
Дэгдэн дэгдэн явж
Дэнжийн цэцэг түүнэ
Эргэн тойрон гүйж
Эрээн эрвээхий барина
Өгөөмөр баян зуны
Өдөр бүр нь сайхан
Өвөөлж хөхөө донгодоод
Өөлж баршгүй сайхан аа

Өвөл

Л.Түдэв
Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг жавартай өвөл
Хүүхэд бидний хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй хүсдэг өвөл
Цана чаргаар гулгадаг өвөл
Цагаан тэшүүрээр тэшдэг өвөл
Мөс цасан дээр тоглохгүй бол
Мөнгөн өвөл гомдоно байх даа
Өвөл тэгээд ирэхээ байчихвал
Өвлийг мөрөөдөж сүйд болно доо

Зараа

Ш.Энхбаяр
Загдаа хүү
Зараа нэгийг
Зургийн дэвтэртээ
Зурсан билээ
Зурсан зараагаа
Зүүдэлж гэнээ
Зүү шиг өргөсөнд
Хатгуулж гэнээ
Зөөлөн орноосоо ойчиж
Зүүд нойрноосоо сэржээ
Зургийн дэвтэрт зурсан
Зараа нь шоолох шиг болжээ

Ботго

Ж.Лодой
Бүлээн зөөлхөн хошуутай
Бүлтгэр борхон нүдтэй
Удаан нь аргагүй тэнцдэг
Уянгатай гэгчээр буйлдаг
Тэмээ болох санаатай
Тээхэлзэж байгаа ботгоо
Арчлахын сайнаар арчилж
Аяны унаа болгоё

Унага

Ж.Лодой
Толгой хаялан нааддаг
Тоос татуулан давхидаг
Сүүлээ шарван тонгордог
Сүүдрээ хараад бусгадаг
Эр хүний нөхөр
Эмээл хазаарын эзэн
Хөөрхөн цовоо унагаа
Хурдан хүлэг болгоё

Гэрлэн дохио

С.Маршак
Гурван өнгийн гэрэл
Гэрлэн дохионд бий
Гайхалтай түүний хэлийг
Жолооч бүхэн мэднэ
Улаан өнгийн гэрэл
Урагшилж болохгүйг сануулна
Алтан шаргал гэрэл
Анхааралтай байхыг өгүүлнэ
Ялдам ногоон гэрэл
Явж болохыг хэлнэ

Хавар

Д. Наваансүрэн
Хавартаа би найзална даа
Хавартаа би найзална даа
Хамт гадаа наадна даа
Хамт ажлаа хийнэ шувууг угтана даа
Уран зэрэглээг харна даа
Зүлэг модоо усална даа
Шүлэг номоо уншина даа

Намар

Сэрүүн намар боллоо
Сэнгэсэн салхи сэрчигнэлээ
Усны шувуу буцлаа
Ургамал цэцэг зулгарлаа
Ногоон мод шарлалаа
Хөх өвс хатлаа
Хүүхэд бид ноосон дээлээ
Хавтай эвтэй давхарлалаа

Гурван эрдэнэ

Алт гэвэл аавыг хэлнэ
Ачтай сайхан итгэлийг хэлнэ
Эрдэнэ гэвэл ээжийг хэлнэ
Энгүй сайхан сэтгэлийг хэлнэ
Нандин гэвэл найзаа хэлнэ
Намайг гэсэн бодлоо хэлнэ

Солонго

Р.Ядмаа
Намираа борооны дараа
Нар таатай ээлээ
Өнгөрсөн борооны наагуур
Өнгийн солонго татлаа
Тэр солонгыг барих гэж
Тэнхээгээрээ би хурдлав
Цагираг солонго харин
Цаашаа зугтан одов
Байгалийн сайхан солонгыг
Барьж болохгүйг мэдэв

Баавгай

Хүрэн баавгай
Хүчтэй тэнхээтэй
Хүрхэрч архиран
Дуу чимээтэй
Ургаа модыг
Унтаад алгадна
Гунан үхрийг ч
Гулд татна
Хүдэр том
Бие бялдар
Хөвч тайгад
Сүр жавхаатай

Аавын гар

Д.Давааням

Аавын гар ачтай гар
Аварга зөөлөн хүчтэй гар
Тэвэрч өргөхөд тэнхээтэй гар
Тэгсим хүйтэнд тэсвэртэй гар
Харахад хэцүү хатуу гар
Харин наддаа зөөлөн гар

Хэрэмхэн

Л.Мөнхбат
Хэвлүүн жаахан биетэй
Хээнцэр ганган алдрайхан
Хөөрхөн жаахан хэрэмхэн
Хөвч тайгадаа энхрийхэн
Хүглэгэр хушны мөчрөөр
Хөөрч дүүлдэг наадгайхан
Хүүхэд бидний хайрыг татдаг
Хөгжилтэй бяцхан хэрэмхэн

Аав хүү хоёр

О.Сундуй

Аав аа би өнөөдөр
Авдар дээрээс уначихсан
Өндрөөс би о
йчихдоо
Өвдгөө шалбалж орхисон
Гэхдээ би уйлаагүй ээ
Гэрт хэн ч байгаагүй ээ

Амьтдын дуртай амттан

А.Найгалмаа

Туулай лууванд дуртай
Бүжин бас дуртай
Хэрэм самарт дуртай
Хувдай нь бүр ч дуртай
Зараа алиманд дуртай
Бөөдий нь ч бас дуртай
Баавгай ч баланд дуртай
Бамбарууш бүр ч дуртай

Малын төл


Хонины төлийг хурга гэнэ
Ямааны төлийг ишиг гэнэ
Үхрийн төлийг тугал гэнэ
Тэмээний төлийг ботго гэнэ
Адууны төлийг унага гэнэ
Илжигний төлийг тутран гэнэ.


Төлийн дуу чимээ
Тугал үхэр мөөрнө
Ботго ингэ буйлна
Хурга, ишиг майлна
Унага адуу янцгаана.

Тариа


Ж. Дашдондог

Найман түмэн салаатай
Салаа болгон цацагтай
Үй түмэн үртэй
Үр болгон өлгийтэй
Ургаж байхдаа ногоон
Ургасан хойноо тариа
Тээрэмд очоод гурил
Тэндээс авчраад боов

Өнгийн харандаа

Ж. Дашдорж

Миний улаан харандаа
Миний хөх харандаа
Миний ногоон харандаа
Миний шар харандаа
Харандаа бол миний зэвсэг
Харандаагаа би хайрлана
Харандаагаа би гамнана

Төстэй нийтлэл