Ертөнцийн гурав түүвэр
Унших хугацаа: 4 minutes
Ертөнцийн гурван цагаан
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан
Ертөнцийн гурван улаан
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан
Жалганд ургасан сухай улаан
Ертөнцийн гурван ногоон
Тагт ургасан арц ногоон
Тайгад ургасан хуш ногоон
Талд ургасан зээргэнэ ногоон
Ертөнцийн гурван шар
Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар
Ертөнцийн гурван хөх
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх
Ертөнцийн гурван цэнхэр
Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонхорт тогтсон ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр
Ертөнцийн гурван хар
Тостойгоос тогоо хар
Билигтэйгээс бэх хар
Амттайгаас архи хар
Ертөнцийн гурван бөх
а/Хүргэн хүүгийн хүзүү бөх
Хүрэл чулууны амь бөх
Хүний малын нуруу бөх
б/Нойтонд цавуу бөх
Маханд элэг бөх
Амьтанд заан бөх
Ертөнцийн гурван харанхуй
Номгүй бандийн цээж харанхуй
Хоньгүй айлын хот харанхуй
Хойшоо харсан нүх харанхуй
Ертөнцийн гурван цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр
Ертөнцийн гурван баян
а/Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян
б/Эрдэмтэн хүн эрхэм баян
Үртэй хүн өнөр баян
Өргүй хүн өөдлөх баян
Ертөнцийн гурван хоосон
Барьж тавьж байвч зүүд нэг хоосон
Барайж торойж байвч зэрэглээ нэг хоосон
Бархирч цахирч байвч цуурай нэг хоосон
Ертөнцийн гурван үнэн
Төрсний эцэст үхэх үнэн
Хураасны эцэст дуусах үнэн
Хурсны эцэст тарах үнэн
Ертөнцийн гурван хөөрхөн
Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн
Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн
Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн
Ертөнцийн гурван сайхан
Жигдэрсэн оддын дунд сар сайхан
Жигүүртэн шувуудын дунд тогос сайхан
Жигдэлсэн моддын дунд галбарбаасан сайхан
Ертөнцийн гурван муухай
Хурган малгайд чихэвч муухай
Хувхай эмээлд хударга муухай
Хулсан ташуурт янгиа муухай
Ертөнцийн гурван ариун
Ургаж байгаа арц нэг ариун
Уугьж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун
Ертөнцийн гурван бах
Азарга унасан хүн өдрийн бах
Эмээл авсан хүн сарын бах
Эхнэр авсан хүн жилийн бах
Ертөнцийн дөрвөн бардам
Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Ноён сайтын албат бардам
Нохой сайтын хот бардам
Ертөнцийн гурван янаг
Баян хүнд худалдаачин янаг
Бааран хүнд нохой янаг
Бялдууч хүнд ноён янаг
Ертөнцийн гурван дүү
Баян хүн ноён хүний дүү
Худалч хүн хулгайч хүний дүү
Унтсан хүн үхсэн хүний дүү
Ертөнцийн гурван хурдан
Салхитай тэнгэрийн үүл хурдан
Саруул ухаантны санах хурдан
Сайн морины явдал хурдан
Ертөнцийн гурван ширүүн
а/Төрд элч ширүүн
Төмөрт хуурай ширүүн
Төхөмд зараа ширүүн
б/Хөгширсөн үхрийн хэл нэг ширүүн
Хаднаас гарсан хайрга нэг ширүүн
Хааны тогтоосон хууль нэг ширүүн
Ертөнцийн гурван догшин
Эргээ хальсан ус догшин
Эмээлээ хөглүүлсэн морь догшин
Эрээ голсон эм догшин
Ертөнцийн гурван шившиг
Муу эмээл морины шившиг
Муу эм гэрийн шившиг
Муу нохой хотын шившиг
Ертөнцийн гурван гэмшил
Нумгүй явбал ав дээр гэмшил
Номгүй лам хурал дээр гэмшил
Үйлгүй хүүхэн өгсөн газарт гэмшил
Ертөнцийн гурван бэрх
Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрх
Усан дээр гал түлэх нэг бэрх
Үхрийн эвэр дээр цас тогтох нэг бэрх
Ертөнцийн гурван жигтэйхэн
Лууны уушги шилэндээ байдаг нэг жигтэйхэн
Арслангийн дэлэн тавагтаа байдаг нэг жигтэйхэн
Зааны ам хэнхдэгтээ байдаг нэг жигтэйхэн
Ертөнцийн гурван олдохгүй
Хаднаас халтирч унасан хаг шаазгайн мах олдохгүй
Модноос хальж унасан морин шоргоолжны мах олдохгүй
Уснаас цацаж үхсэн загасны мах олдохгүй
Ертөнцийн гурван хэцүү
а/Үерлэн шуугих нь ус хэцүү
Дүрэлзэн асах нь түймэр хэцүү
Эрчлэн хийсэх нь салхи хэцүү
б/Туухад гахай нэг хэцүү
Туулахад тал нэг хэцүү
Тоолоход од нэг хэцүү
Ертөнцийн гурван хачин
Алгандаа хөхтэй арслан нэг хачин
Амаа байтал шилээрээ дуугардаг голио нэг хачин
Амрагийн дээд аав, ээж хоёр золгодоггүй нэг хачин
Ертөнцийн гурван хэврэг
Эгнэгт батгүйн тул энэ нас хэврэг
Үүрд ханилахгүйн тул амраг садан хэврэг
Эцэстээ барагдахын тул эд хөрөнгө хэврэг
Ертөнцийн гурван тус
Өсөхөд өрөвдөхийн тус
Өтлөхөд өргөхийн тус
Үхэхэд яс барихын тус
Ертөнцийн гурван дутуу
Тэнгэр баганагүй нэг дутуу
Уул бүслүүргүй нэг дутуу
Далай бүлүүргүй нэг дутуу
Ертөнцийн гурван тэнэг
Эрхэм тэнэг морио магтана
Дунд тэнэг эхнэрээ магтана
Адгийн тэнэг биеэ магтана
Ертөнцийн гурван хол
Үхэртэй хүнд газар хол
Үхсэн хүнд дэр хол
Үгүйрсэн хүнд юм хол
Ертөнцийн гурван давхаргатай
Өндөр тэнгэр үүлэн давхаргатай
Өвсөн дэлхий цасан давхаргатай
Өргөн далай мөсөн давхаргатай
Ертөнцийн гурван болдоггүй
Шар тосыг шарж болдоггүй
Хар усыг өрөмтүүлж болдоггүй
Хайр элсийг нүхэлж болдоггүй
Ертөнцийн гурван гутамшиг
Үхэргүй хүн намрын цаг гутамшиг
Үргүй хүн үхэхийн цаг гутамшиг
Эрдэмгүй хүн номын газар гутамшиг
Ертөнцийн гурван гадна
Харьд очдогоор хүүхэн гадна
Хал үздэгээр гар гадна
Хар нүднээс хөмсөг гадна
Ертөнцийн гурван хэлтгий
Эрхтнээс чих хэлтгий
Эдлэлээс домбо хэлтгий
Эрдэнээс дун хэлтгий
Ертөнцийн гурван хөнгөн
Урсахдаа ус хөнгөн
Хийсэхдээ өд хөнгөн
Өргөхөд өвс хөнгөн
Ертөнцийн гурван олон
Өртэй хүний өнөөдөр олон
Өдрийн хоолны өмч олон
Өнчин хүний ноён олон
Ертөнцийн гурван амардаггүй
Ховч хүний хошуу амардаггүй
Хоргол түлсэн хүний хуруу амардаггүй
Хонь хариулдаг хүний сэтгэл амардаггүй
Ертөнцийн гурван байдаггүй
Хүн залуугаараа байдаггүй
Хүлээс чангаараа байдаггүй
Хөвд ногооноороо байдаггүй
Ертөнцийн гурван хүйтэн
Эзэн муутын хороо хүйтэн
Ээж муутын хоол хүйтэн
Эв муутын санаа хүйтэн
Ертөнцийн гурван татуу
Дээвэр хоолойгоороо татуу
Дээл захаараа татуу
Уул оройгоороо татуу
Ертөнцийн гурван эх
Идээний эх цай
Эдийн эх хадаг
Амьтны эх загас
Ертөнцийн гурван хүслэн
Хожгор толгойд үс хүслэн
Хувхай модонд мөчир хүслэн
Хуурай цайнд ус хүслэн
Ертөнцийн дөрвөн шалтгаан
Өвчин бага ч үхлийн шалтгаан
Будаг бага ч өнгөлөхийн шалтгаан
Буян бага ч туслахын шалтгаан
Гал бага ч түлэхийн шалтгаан
Ертөнцийн дөрвөн зан
Уулаар явдаг угалзын зан
Уулзаад явдаг хүний зан
Үүрээр явдаг үхрийн зан
Үерхэж явдаг багын зан