АРСЛАНДАЙ МЭРГЭН ХААН

Сошиалд хуваалцах уу?

унших хугацаа: 3 minutes

АРСЛАНДАЙ МЭРГЭН ХААН

Эрт урьд цагт Арсландай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааны адуун сүрэг тийм гэхийн тоогүй үй олон учир хөндий талыг дүүрч байвал бүрэн, эс дүүрвэл хагас дутуу байна гэж үздэг байсан юм санжээ. Адуун дунд нь ардаг хүрэн морь гэж нэг сайн морь байжээ.

Гэтэл нэг өдөр адуу нь хөндий дүүрэхгүй байж гэнэ. Энэ юу болов гэсэн чинь хөвчийн гурван хөх чоно хүрч ирээд адуун сүргээс нь шоглочихсон юм байжээ. Тэгэхээр Арсландай мэргэн хаан хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж намнахаар шийдэж, түүнийгээ адуун сүргийнхээ дундаас барьж сойжээ.

Гэтэл ахмад чоно нь нөгөө хоёртоо:

— Арсландай мэргэн хаан, хүрэгч _ гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж намнах гэж байна. Тэр хүрэн морь нь залуу хүрэн гүүний унага учир газрын уруу руу зугтаавал бид гурвыг гүйцэхгүй. Иймээс эхлээд газрын өөдөө зугтаж байгаад уруугаа зугтъя гэхэд нь нөгөө хоёр нь тэр ёсоор нь зугтаахаар зөвшөөрч гэнэ.

Маргааш нь Арсландай мэргэн хаан гурван чоныг намнахаар хөөж гэнэ. Гурван чоно ч хэлэлцсэн ёсоороо эхлээд газрын өөд зугтаж байгаад гэнэт уруу газар руу зугтаахад нь залуу гүүний унага хүрэн морь нь гүйцэж чадалгүй хоцорч гэнэ.

Тэгэхээр нь Арсландай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унага хүрэн халзан мориороо хөөж намнахаар шийдэж түүнийгээ барьж сойж гэнэ.

Гэтэл түүнийг нь ахмад чоно бас мэдээд нөгөө хоёртоо:

— Арсландай мэргэн хаан биднийг хөгшин хүрэн халзан гүүнийхээ унага хүрэн халзан мориороо хөөж намнах гэж байна. Хүрэн халзан морь нь хөгшин гүүний унага учир газрын өөд зугтаавал биднийг гүйцэхгүй. Иймээс эхлээд газрын уруу руу зугтааж байгаад гэнэт өөд зугтаая гэж зөвлөхөд нь нөгөө хоёр чоно нь тэр ёсоор зугтаахаар болж зөвшөөрч гэнэ.

Маргааш нь Арсландай мэргэн хаан хүрэн халзан мориороо хөөхөд нь гурван чоно хэлэлцсэн ёсоороо эхлээд газрын уруу руу зугтаж байгаад гэнэт газрын өөд зугтахад нь гүйцэж чадалгүй хоцорч гэнэ. Тэгэхлээр нь Арсландай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг ямар ч гэсэн хөөж намнана гэж бодсоор гэртээ харьж гэнэ.

Үүнийг нь ахмад чоно бас л мэдээд:

— Өнөө шөнө гурвуулаа Арсландай мэргэн хааны адуун сүрэг рүү орж адасга шиг туранхай ардаг хүрэн морийг нь идье гэж нөгөө хоёртоо хэлж гэнэ.

Гэтэл нөгөө хоёр чоно нь:

— Арвин талыг бүрхсэн энэ олон адуун сүргээс арьс яс болсон адасга шиг туранхай юмыг идвэл азад муу болох биз гээд аль тарган сувай гүүнээс нь шилж байгаад хооллож гэнэ. За тэгэхээр нь ахмад чоно нь нөгөө хоёртоо ингэж хэлж гэнэ.

— Бид гурав тийм ч олон уулзаж учрахгүй боллоо. Одоо гурвуулаа:

— Алтай, хангай уулын ар царман дээр нэг уулзъя!

— Ардаг хүрэн морины ар зоон дээр дараа нь уулзъя!

— Арсландай мэргэн хааны ар мөрөнд эцэст нь нэг уулзъя даа! гэжээ. Нөгөө хоёр нь учрыг сайн ойлгосонгүй өнгөрч гэнэ.

Гэтэл Арсландай мэргэн хаан маргааш өглөө нь мандах нарнаар арьс яс болсон адасга шиг туранхай ардаг хүрэн морио адуун сүргээсээ уургалж аван эмээллээд гурван чоныг хөөж алтай хангайн уулын ар царман дээр гүйцэж намнажээ.

Ингэж нөгөө гурван чоно алтай хангай уулын ар царман дээр анх удаагаа нэг уулзаж гэнэ. Дараа нь Арсландай мэргэн хаан чононыхоо арьсыг өвчөөд ардаг хүрэн мориндоо ганзагалан явж гэнэ.

Ийнхүү гурван чоно ардаг хүрэн морины ар зоон дээр хоёр дахь удаагаа уулзаж гэнэ. Тэгээд л Арсландай мэргэн хаан гурван чонын арьсыг аль сайн элдүүрчнээр элдүүлж дулаан хүрэм хийж өмсөж гэнэ. Ийнхүү гурван чоно Арсландай мэргэн хааны ар далан дээр гурав дахь удаагаа уулзаж гэнэ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл