Хатан ба гүнж

Гурван хатан

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 5 minutes

Гурван хатан

Урьд нэг Матар Зөгий нэртэй хаан байжээ. Ёнхор Зөгий нэртэй хаан, гэдэг бас нэг хаан байжээ. Матар Зөгий хаан их юмтай баян хаан байжээ. Ёнхор Зөгий хаан бөөлдөг цагаан морьтой. Матар Зөгий нь гурван хатантай, мойл хар түшмэлтэй, чулуу шар хиатай. Баруун урд зүгт дайнд мордох гэж явжээ. Их хатныг “Чи юу хийж тавих вэ?” гэж асууж. “Бөөс хуурсны арьсаар бүс цамц хийж тавья!” гэж. Дунд хатныг асууж: “Чи юу хийж тавих вэ?” гэж.

“Ногоон торгон дээл хийж тавья!” гэж. Хамгийн бага хатныг асууж. “Алтан бодисад хүү, Мөнгөн бодисад хүү, тийм хоёр хүү гаргаж тавья!” гэж. Хаан явж. Бага хатан хөл хүндэрч. Сараа гүйцээн гарч. Алтан бодисад хүү, Мөнгөн бодисад хүү, хоёр хүү гарч. Алтан бодисад хүүг алтан өлгийдөө өлгийдөж, Мөнгөн бодисад хүүг мөнгөн өлгийд өлгийдөж.

Тэгэхлээр хоёр их хатан хэлэлцэж: “Биднийг хаан ирээд хаяна. Түүний хоёр хүүхдийг алъя!” гэж хэлэлцжээ. “Бага хатныг цайлъя!” гэж. Тэр хоёр бага хатанд “цай уу!” гэж очжээ. “Би хоёр хүүхдээ яах вэ?” гэж. “Орхичхоод яваа!” гэж. Орхичхоод очжээ.

Их хатныд цай ууж байх хооронд Алтан бодисад хүүгийн өлгийнд шар нохойн гөлөг хийчихжээ. Мөнгөн бодисад хүүгийн өлгийнд цагаан нохойн гөлөг хийчихжээ. За, тэгээд хоёр хүүг нь аваад явчхаж.

Тэгэхлээр бага хатан иржээ. Ирээд хүүгээ хөхүүлэх гэтэл нохойн гөлөг байжээ. Тэгэхлээр уйлаад их хатныд очиж: “Хоёр хүү минь нохойн гөлөг болжээ”. “Чи хааныг ирэхэд нохойн гөлөг гаргаад тавьж. Худлаа уйлж байна чи!” гэж. Тэгээд бага хатан харьжээ. Хаан иржээ. За, их хатнаас: “Юу гавив?” гэж. “Би бөөс хуурсны арьсаар бүс цамц, өмд хийж тавилаа”.

Дунд хатнаас асуужээ. “Би далан хоёр товчтой дампуу торгон дээл хийж тавьжээ”. За, бага хатнаас асуулаа: Хоёр нохойн гөлөг боллоо. Тэр хоёр хүүхдийг босгон дор булсан шүү. Тэгээд хаан “Чи Алтан бодисад, Мөнгөн бодисад хүү тавина гэж худлаа хэлж хоёр нохойн гөлөг тавилаа” гээд хүн амьтангүй газар нэг нүдийг нь сохлоод, нэг гарыг нь хугалаад, нэг хөлийг нь хугалаад, ард нь араг үүрүүлээд өвөрт нь савар бариулаад, цөллөө.

Тэгсэн хаан нэг гарч шээгээд гэртээ орж. “Хаан ааваа!” гэж хормойноос нь татаж. Гурван өглөө шээж. Хормойноос нь татаж. Их хатанд хэлж. “Намайг гурван өглөө шээхэд хормойноос “Хаан ааваа” гэж татлаа” гэж. Тэгэхлээр нь “Таны босгон дор ямар нэг чөтгөр бугтай болоо биз дээ?” гэж.

Тэр бага хатан, их хатан, мойл хар түшмэд гурвуулаа ярьж: “Энэ Алтан бодисад, Мөнгөн бодисад хоёрыг хонины хашаа дотор нүх ухаж булъя!” гэж. Хаанаас нуугаад булж. Маргааш өглөө болжээ. Их хатан өглөө гадаа шээж явж. Хонин дотор хоёр хүү ухна хуц хоёрыг унаж тоглож байжээ. “За, одоо дарагдашгүй хоёр хар буг болжээ” гэж хатан хэлжээ.

“Арван найман алд там ухаад хийчихье!” гэж хэлэлцэж. Малтаад хийчихсэн, маргааш өглөө босоод харж. Тэгсэн Ганжуур Данжуур болоод хөөцөлджээ. Тэгэхлээр аваачаад хоёр адууны ширэнд боогоод далай дотор тавьж. Тэгсэн Ёнхор Зөгийн бөө цагаан морь гурав хоног бөөлж. Тэгээд нэг товшоод давхиад явчихжээ.

Хаан хатан хоёр “Тэжээдэг ганцхан морь минь явчихлаа” гэж уйлж. Гурав хоноод нэг их цагаан юм амаараа зуугаад ирж. Хаан хутгаараа ханзалж. Алтан бодисад, Мөнгөн бодисад хоёр хүү гарч иржээ. Алтан бодисад хүүг хаан өвөртлөөд унтаж. Мөнгөн бодисад хүүг хатан өвөртлөөд унтаж. Их хатан “Ёнхор Зөгий хааныд байна” гэж мэдэж.

Тэгэхлээр их хатан шөнө унтахад нь хоёр хүүгийн чихэнд хорхой болж зүүдлүүлээд хэлжээ: “Цаст цагаан уулын оройд байдаг Наран Гомбо Дэжид дагиныг авсан хүн үгүйршгүй баян, үхэшгүй насан шидийг олно.

Тэр уул бол хороор бүтсэн уул!” Тэгэхлээр Мөнгөн бодисад хүү өглөө босоод эцэгтээ хэлж: “Наран гарах зүгт, цаст цагаан уулын оройд байдаг дагиныг авсан хүн үгүйршгүй баян, үхэшгүй мөнх болно гэж зүүдэлсэн, явна” гэж хэлжээ. “Явж болохгүй. Замд хорт далай, мангас бий. Цаст цагаан уул гэдэг уул хороор бүтсэн шүү!” гэж аав нь хэлжээ.

“Заавал явна” гэж бөөн цагаан морио унаад явж. За, тэгсэн их хорт далайгаар гарах болж. Бөөн цагаан морь: “Би энэ далай дээгүүр сайн харайя, чи сайн тогт!” гэж. Өрөөсөн туурай нь мултарч гарчээ. Тэгж явтал мангас эмгэн дайралджээ. Морь хэлсэн: “Энэ чинь урьд чиний нүдэнд орсон, битгий залги!

— Урьд адууны шир дотор усанд орсон шүү, тэр цагт мангас эмгэний нүдэнд орсон.

— Чи тэр цагт тургиж гаргасан! Эх хүү хоёр болъё!” гэж мангас эмгэн ерөөл тавьж. “Тэр цаст цагаан уулын орой дээр ямар ч сайн эр гарч чаддаггүй юм. Чи сайн эр болбол, тал дунд нь хүрээд “Наран Гомбо Дэжид дагина нааш ир” гэж хэлээд үхээрэй!” Цаст цагаан уулын орой өөд явж. Цагаан морины дөрвөн туурай хордоод унаж. Цааш дөрвөн туурайгүй мориор явж. Морины арьс мах нь шувтраад унаж.

Тэгэхлээр буугаад өөрөө явган явж. Бас өөрийн мах арьс унаж. “Наран Гомбо Дэжид дагина нааш ир!” гэж үхэж. Тэгэхлээр Наран Гомбо Дэжид дагина “Намайг гэж олон сайн эр дандаа үхэж байна. Би ямар нүгэл хийсэн хүн бэ?” гээд алтан бумбатай рашаан аваад тэр үхсэн хүн дээр ирж. “Алтан бумбатай рашаанаар арьс мах бүтэх болтугай!” гэж домножээ. Арьс мах бүтэж. “Амин сүнс бүтэх болтугай!” гэж бас нэг домнож.

“Нэр чинь хэн бэ, хэн хүний үр, хэн хааны албат вэ?” гэж асуужээ. “Матар Зөгий хааны хүү Мөнгөн бодисад гэж байна. Чамайг авсан хүн үхэшгүй насан шидийг олдог, үгүйршгүй баян шидийг олдог гэж дуулаад авах гэж ирсэн!” гэж. “За, тэгвэл хоёулаа явъя даа!” гэж уулын оройд гарч, дагинын юмыг авчээ. Морин дээрээ ирж, уулын аманд амь оруулж. Мангас эмгэн дээр хүрч ирж. Наран Гомбо Дэжид дагина мангас эмгэнд бэр мөргүүлж.

Есөн амьтны хэлийг мэддэг хар ятга өгч, хүү бэр хоёроо мангас эмгэн далайгаар гаргаж өгч. Мөнгөн бодисад хүү сундлаад харайж. Найр жаргал хийж байж. Матар Зөгий хаан уулын орой дээр гөрөө хийж байж. Ёнхор Зөгий хааны тэнд мал, алт мөнгөн хүрээтэй байшин их олон болсон байжээ. “Энэ хоосон байсан айл яагаад баян болсон юм бол?” гэж олон албатаа дагуулаад очиж. Хаан очиж цай ууж. Тэр гэрийн хөшигний цаагуур байсан ятга дуугарч.

Тэр ятга хэлж: “Матар Зөгий хааны хүү бага хатнаас гарсан, хоёр өлгийд нохойн гөлөг тавьсан, үүдэнд булсан, хашаанд булсан, газар ухаад хийсэн, усанд урсгасан” гээд л цугийг нь хэлжээ. Матар Зөгий хаан уйлж. “Бага хатныг хүнгүй газар цөлсөн” гэж. Матар Зөгий хаан “За, их хатны муу санаагаар танай хүү боллоо. Алтан бодисад хүүг ширээ лам болгоё, Мөнгөн бодисад хүүг хаан суулгая!” гэж.

Ингээд хоёр хаан дундаа аваад гүрнээ нийлүүлээд “Ингэж сууя аа!” гэж. Ёнхор Зөгий хаан “Тэгье!” гэж. Бага хатанд очиж. Хүнгүй газарт амьд байжээ. Авчраад Наран Гомбо Дэжид дагина алтан бумбат рашаанаар домнож. Хуучин сайхан биед нь оруулжээ. Их, дунд хоёр хатныг хоёулыг нь цөлжээ. Тэгээд амар сайхан жаргажээ.

 

Санал болгох үлгэрүүд:

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл