zaraa tuulai khoyor

Зараа туулай хоёр

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 4 minutes

Зараа туулай хоёр

Эрт урьд цагт уужим талын тэрхэн нэг захад жижигхэн байшинтай эр эм хоёр зараа байжээ. Нэг өглөө эр нь гадаа гарч зогсоод ертөнцийн юм бүхнийг сонирхон харж байгаад жаахан зугаалъя байз гээд явав. Эм нь өглөөнийхөө хоол цайг бэлтгэж байлаа. Эр зараа тэгээд урагшаа тал уруу явж байтал нэг туулай дайралдаж гэнэ.

Туулай ямагт өөрийгөө зараанаас илүү гэж боддог учир үүнтэй хэзээ ч уулзсан тоож үг зөрдөггүй байжээ. Гэтэл зараа тэр аятай өглөө сайхан ааштай байсандаа туулайтай дайралдаад, туулай гуай та сайн байна уу?гэлээ.

— Өглөө эрт хаачиж яваа юм бэ? гэж туулай дуугарагчаа болж гэнэ.

— Би зугаалж явна гэж зараа хариуллаа.

Туулай, зарааны богинохон саригар хөл рүү харж: Чамайг ийм хөлтэй байж өдий хол газар зугаалж чадна гэж ер бодсонгүй гэв.

— Та өөрийнхөө хөлийг миний хөлөөс илүү гэж боддог уу? гэж зараа асуув. Туулай зарааны богинохон саригар хөл рүү дахин харж нэлээд басамжилсан маягтай инээгээд: Хоёулаа тэгвэл уралдаад үзье, хэнийх маань илүү болохыг чи хар гэж туулай хэлэв. Зараа түүнтэй уралдаад хоцрохоо сайн мэдэж байсан боловч, жаахан бодож байгаад хэлсэн нь: Тэгье, хоёулаа уралдъя гэлээ.

— За сайн. Хоёул тэр талд очъё. Чи, замын энэ шангаар нь, би нөгөө шангаар нь уралдана, хэрэв чамайг түрүүлбэл, би нэг сайхан боов өгөмз, за тэгээд явъя гэж туулай хэллээ.

— Би одоо чамтай хамт явж чадахгүй. Өглөөнийхөө хоолыг харьж иднэ. Эхнэр маань, хоол унд зэхчхээд хүлээж байгаа. Би хоол ундаа идэж уучхаад уралдах газартаа чамтай очиж уулзана гэж зараа гэр лүгээ санд мэнд хариад, одоохондоо идэхээ больё гэж эхнэртээ хэлэв.

— За чи чинь юу болов, гэж эхнэр нь асуулаа.

— Би туулайтай уралдах болсон, чи надад тусална даа хөө гэж эр зараа хэлэхэд эм нь:

— Чи чинь туулайтай яаж уралдаж чадах юм бэ? гэв. Чадахаа л чадна. Харин чи надтай хамт яв, яаж туслахыг би хэлж өгье гэлээ. Тэгээд хоёулаа уралдах талд очиж, эр нь эм зараандаа хэдэн үг зааж өгөөд түүнийгээ уралдах замын нэг үзүүрт орхиод. Харин өөрөө нөгөө үзүүрт нь очжээ. Удалгүй туулай уралдахад бэлэн болоод замаар гарч ирэхэд нь эр зараа түүнтэй уулзлаа.

— Чи энд хүрээд ирчих нь энэ үү? гэж туулай асуулаа.

— Тийм ээ, таныг л хүлээж байна гэж зараа хариулав.

— За сайн байна. За, хоёулаа одоо уралдъя, чи замын энэ шангаар, би тэр шангаар нь явна шүү. Намайг нэг, хоёр, гурав гэхтэй зэрэг явна шүү гэж туулай хэлжээ. Тэгээд хоёулаа замын хоёр шанд орчихсон чинь бие биеэ олж харахаа байлаа. Туулай нэг, хоёр, гурав гэж маш чанга дуугаар тоолж, гурав гэж хэлмэгцээ дэгдээд алга болох чимээ сонсогдов.

Гэвч туулай нөгөө үзүүртээ хүрч, зарааны уралдах замын шанг өнгийж харахад: Би аль түрүүнд ирж, таныг хүлээж байна гэж зараа хэллээ. Туулай гайхаж яагаад энэ билээ? Богинохон саригар хөлтэй чи надаас түрүүлж чадахгүй сан, хоёул дахиад нэг, түрүүчийнхээ эхэлсэн газар хүртэл уралдъя гэлээ, тэгээд туулай өөрийнхөө замын шанд орж нэг хоёр, гурав гэж тоолон, гурав гэхийнхээ хамт салхи шиг хурдлан нөгөө үзүүрт нь хүрсэн чинь, зараа замынхаа шангаас гарч, би түрүүний ирсэн, таныг хүлээж байна гэлээ.

Туулай ихэд гайхан, би ер учрыг нь ойлгохгүй байна. Дахиад уралдъя гээд далан гурав дахин уралдахад, зараа хэзээний л, би аль түрүүн ирчихсэн гэж замын шангаас гараад ирдэг байж гэнэ. Туулай далан дөрөв дөх удаадаа туйлдаж гүйцээд очих газраа хүрэлгүй замын дунд хэвтэж амрахаас өөр аргагүй болжээ. Зараа эхнэрээ аваад гэртээ очиж, хоол ундаа идэж, уух зуур, уралдсан тухайгаа ярьж хөөрөлдөн элгээ хөштөл инээлдэв.

Туулай тэндээ жаал амарч байгаад гэртээ ирж сууж, ер нь зараанаас, яагаад түрүүлчхээд байсны нь асууя гэж бодоод тэдний рүү явлаа Туулай зарааны байшинд очоод, хаалгыг нь тогшсон чинь, зараа хаалгаа нээж, туулайг хармагцаа инээд алдав.

— Чи түрүүлсэн болохоор чамд боов өгөх ёстой, харин чи яаж түрүүлснээ надад ярьж өгвөл бүр ч илүү өгнө. Чиний богинохон саригар хөл яаж явахаараа түрүүлдгийг би ер ойлгохгүй байна гэж туулай хэлэв. Эр, эм хоёр зараа доог хийсэн байдалтай тачигнатал инээд алдав.

— Надад боов өгсний хэрэггүй. Чамтай уралдахад би үнэхээр түрүүлж чадахгүй. Чиний хөл минийхээс илүүтэй нь мэдээж хэрэг гэж зарааг хэлэхэд:

— Тийм л байх ёстой юм даа гэж туулай хэлжээ.

— Харин миний ухаан чинийхээс илүүтэй юм байна. Манай эхнэр надтай тун адилхан тул, уралдах замын нэг үзүүрт нь би байсан юм. Нөгөө үзүүрт нь манай эхнэр байсан юм. Тэгээд чамайг нэг үзүүрт нь хүрч ирэхэд манай эхнэр замын шангаас гарч уулзаад, нөгөө үзүүрт ирэхэд би уулзаад байсан болохоос биш бид ер нэг ч яваагүй. Ингэж би түрүүлсэн юм даа гэлээ. Туулайд хэлэх ч үг олдсонгүй, гэртээ бушуухан буцаж явлаа.

Тэр туулай түүнээс хойш зарааг басамжлахаа бүр больсон гэнэ лээ. Харин эр эм хоёр зараа тэгж уралдсанаа бодох бүр инээлддэг аж.

Санал болгох үлгэрүүд:

Төстэй нийтлэл