turgen helleg

Түргэн хэллэг, түүний ач тус

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 3 minutes

Түргэн хэллэг нь хэлэхэд бэрх үг хэллэгийг хэлүүлж сургахад чиглэгдсэн аман наадгайн нэг төрөл юм. 

Хүүхдийг багаас нь үгийн баялагтай, зөв тод хэллэгтэй, хэл ярианы чадвартай болгохын тулд түргэн хэллэг хэмээх ардын аман зохиолын төрөл зүйлийг бий болгосон ба улмаар хүүхэд багачуул төдийгүй томчуул ч үг яриагаа зөв цэгцтэй, хурц байлгах үүднээс түргэн хэллэгт шимтэх болжээ. 

Түргэн хэллэгийг нутаг нутагт өөрөөр нэрлэдэг бөгөөд Халхын зарим нутагт “хэлний ээдрээ” гаргах үг, Буриадад “жороо үг”, өвөрлөгч аялгуунд “хэл засах үг” хэмээдэг. 

Эрдэмтэн Х.Лувсанбалдан эрдэм шинжилгээний нийтлэлдээ:

Аавын цагаан гаансыг
Улаан цаасаар
Углуургадуулбал
Углуургадуулаарай
Эргэн дээр
Элээ, хэрээ, галуу гурав
Эрүү амаа долоож байна гэх мэтээр хэл зүгшрүүлэх үгийн нэлээд хэсэг нь “р, л” авиаг зөв хэлж сургахад чиглэгдсэн байна хэмээжээ. 

Түүнчлэн монгол түргэн хэллэгт монгол хэлний б-в, д-т болон с-ш зэрэг хэлэхэд нэлээн бэрх авиа орсон үгсийг холбоо үг болгож сэлгэн оруулсан байна.

Жишээ нь: 

Бөв бөөрөнхий
Бөндгөр бөмбөгийг
Бөв бөөрөнхий
Бөндгөр бөөрөөр нь
Бөндгөнүүлэн
Бөмбөрүүлэн өнхрүүлнэ
***
Даллуураар даллаж
Далан таван тарвага агналаа
Баллуураар баллаж
Далан таван зураг зурлаа
***
Уулын нугын шүүдэр
Туулын шугуйн сүүдэр гэх мэт. 

Мөн уруулын авиаг тод хэлүүлэх зорилготой б, м зэрэг уруул хамжин хэлэгддэг авиа орсон түргэн хэллэг цөөнгүй бий.

Жишээ нь: 

Манай хааны
Мянган мөнгөн бөмбөгийг
Мянган мөнгөн бөмбөг биш гэвэл
Ямар хааны мянган мөнгөн бөмбөгийг
Мянган мөнгөн бөмбөг гэх вэ? Гэх мэт. 

Энэ мэтчилэн хэлний үзүүрийн болон уруулын гийгүүлэгч, хэлний хойгуур болон урдуур хэлэгдэх эгшиг, гийгүүлэгчийн байрыг сэлгэн оруулсан байдаг.

Үүний нэг жишээ нь: 

Их бух бага мухар нухуур эвэртэй, 
Бага бух их мухар нухуур эвэртэй
Хэмээх түргэн хэллэг юм. 

Ийнхүү авиа сэлгэх,ондооших, ижилсэх зэрэг монгол хэлний хэлзүйд тулгуурлан хэлэхэд алдаа гарахаар, түвэгтэй үгсийг сонгон оруулсан байдаг.

Түргэн хэллэгийн ач холбогдол

Нэн тэргүүнд түргэн хэллэг үг яриаг хурц тод, зөв хэлж сургах буюу өгүүлэх эрхтний ажиллагааг сайжруулах, хэлний гажгийг засах чухал ач холбогдолтой. Тухайлбал, хүүхдээр “билүү чулуу”, “дан шурга, ган тулга” гэх мэт богино, хялбар хэллэгийг багаас нь хэлүүлэн улмаар илүү олон үгтэй, хэлэхэд бэрх хэллэгийг хэлүүлж сургана. Мөн ямар авиа хэлж чадахгүй байгааг нь анхаарч, түүнийг засах түргэн хэллэг зааж хэлүүлдэг. 

Түргэн хэллэгийн гол онцлог нь бодит юмс үзэгдлийг дүрсэлсэн байдаг учир хүүхэд тухайн эд юмстай танилцаж, танин мэднэ.

Жишээ нь: 

Алга байсан
Алаг бяруу
Араг мөргөж
Тэрэг шөргөөв
***
Нарийн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойр туулахаас биш
Бүдүүн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойр туулдаггүй юм
***
Урт уургаар ороо морийг барина
Ороо морь урт уургад баригдана гэх мэт нүүдлийн соёл уламжлал, ахуй амьдралтай холбогдолтой зүйлс ихээхэн бий. Энэ нь хүүхдийг нүүдэлчдийн соёл ахуй буюу өдөр тутмын ажил хөдөлмөртэй танилцуулах, тэдгээрийн учир холбогдлыг ойлгуулахад чухал эх сурвалж болдог.

Мөн: 
Гараар галыг барьж болохгүй
Гал гар халаана
***
Намрын цас хайрна
Хаврын цас хайлна
***
Налгар нарлаг намар
Нарийн хээр морио
Хөлөргөн хайлгалгүй
Хайрлаж хөнгөн унаарай
***
Өлийн өврийн
Үлийн олон
Өлөн оготно
Малын бэлчээрт хортой
***
Шаврыг усаар зуурна
Саврыг хусаар зорно гэх мэтээр тухайн зүйлийн шинж чанарыг дүрсэлж, сургамжилсан утга агуулгатай байдаг. Иймд түргэн хэллэг нь хурдан, тод хэллэгтэй болгох төдийгүй олон талын танин мэдэхүйн ач холбогдолтой.

Хэлэхэд хэцүү түргэн хэллэг

Хур ихтэй хул морь 
Хурд ихтэй бор морь
Жолоо дардаг 
Жороо халтар 

Наран холуур хүрээлэв үү? 
Ойроор хүрээлэв үү? 
Сар сая хүрээлэв үү?
Сүүлд хүрээлэв үү? 

Хойгуур яваа хорь гаруй 
Хонгор халтар галуу 
Хойгуур гарах нь уу? 
Урдуур гарах нь уу? 

Арын уулын 
Арван таван тарваганы 
Тав нь яасан 
Тарган тарвага вэ?

Хэн бүхэн түргэн хэлэг 
Хэл үг чинь хурц болог
Урьд эрт ургасан 
Урд уулын улиас уу? 
Урт урт ургасан 
Усны эргийн хайлаас уу?

Арын арван таван тарган тарлан 
Хар сарлагийн таргийг 
Тараг биш гэж эс уугаад 
Ямар арын таван тарган тарлан 
Хар сарлагийн таргийг 
Тараг мөн гэж уух вэ? 

Толгойд байдаг чамархай 
Дотор байдаг чацархай 
Гүзээнд байдаг хужирхай
Гүрээнд байдаг булчирхай 
Өвчүүнд байдаг аюулхай
Өөхөнд байдаг уйланхай 
Унхайж байдаг ухархай 
Угалзалж байдаг тууран хайТал дээрТаван тарган тарвага.

Эргүү бяруу
Үүгээр явав уу
Түүгээр явав уу.

Эргэн дээр 
Элээ хэрээ
Галуу гурав эргэлдэнэ.

Арван тавны сар
Алсуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Хорин тавны сар 
Холуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?

Нарийн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойртуулахаас биш
Бүдүүн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойртуулдаггүй юм.

Төстэй нийтлэл