Tangled – Rapunzel богино үлгэр
5 минут үлгэр Rapunzel
Эрт урьд цагт жижигхэн тосгонд нэгэн мужаан эхнэрийнхээ хамт амьдардаг байж гэнэ. Тэр хоёр хэдий аз жаргалтай аж төрөн суудаг боловч хүүхэдтэй болохыг юунаас ч илүү хүсдэг байв. Хүсэн хүлээсний эцэст нь тэдний хүсэл биелж, мужааны эхнэр жирэмсэн болов гэнэ.
Мужааны эхнэр жирэмсэн болсныхоо дараа гэрийнхээ цонхны хажууд суун хажуу байшингийн цэцэрлэгийг хардаг болов. Тэнд маш үзэсгэлэнтэй цэцэгсийн цуглуулга, амттай хүнсний ногоотой ургаж байгааг хараад авахыг хүсэвч тэр зориглосонгүй. Яагаад гэвэл тэр үзэсгэлэнт цэцэрлэг шуламсын цэцэрлэг байв!
Нэгэн өдөр мужааны эхнэр шулмын цэцэрлэгт ургаж байгаа том ногоон байцааг хараад тэссэнгүй “ Би үүнийг идэх хэрэгтэй” гэж бодон нөхрөөсөө том ногоон байцаанаас нэгийг аваад өгөөч хэмээн гуйв. Үүнийг сонссон нөхөр нь “ Бид ингэж болохгүй , миний хайраа. Чи мэдэж байгаа шүү дээ, энэ цэцэрлэг бидний хажууд амьдардаг шуламных шүү дээ” гэж хэлэв.
“Би мэдэж байгаа. Гэхдээ би тэр байцааг л идэхгүй юм бол би өөр юу ч идэхгүй би өлсөх болно.” хэмээгээд эхнэр нь зөрүүдэлсээр л байлаа. Үүнийг сонссон мужаан өөр яах билээ. Харанхуй шөнө болонгуут тэр цэцэрлэгийн ханыг давж чимээгүйхэн гэтсээр том ногоон байцааг хулгайлаад эхнэртээ хурдхан шиг авчирж өгөв. Түүний эхнэр ч байцааг хурдхан шиг идэж орхилоо. Гэвч ганцыг идээд мужааны эхнэрийн ходоод цадсангүй, улам ихийг идмээр санагдах болов. Тэр дахин нөхөртөө “ Би олон байцаа идэхгүй юм бол өөр юу ч идэхгүй” хэмээгээд нөхрөө дараагийн шөнө дахин байцаа хулгайлуулахаар гаргав. Дараагийн шөнө нөхөр нь дахин чимээгүйхэн цэцэрлэгийн хана даваад дахин том ногоон байцааг авах гэтэл… чанга нарийхан дуу хоолой “ ЗОГС! Чи энд юу хийгээд байна?” хэмээн орилов.
“Би эхнэртээ байцаа….өгөх гэсэн юм л даа” гэж мужаан өөрийгөө тайлбарлахад шулам уурлан “ Чи муу хулгайч! Чи хийсэн зүйлийнхээ төлөө шангаа хүртэх болно” гэж хараав.
“Гуйж байна, миний эхнэр удахгүй хүүхэдтэй болох болно. Тэр таны байцааг хараад маш ихээр идэхийг хүссэн юм” хэмээн мужаан өөрийгөө тайлбарлахад шулам
“Тэр чинь надад ямар хамаатай юм” хэмээн уурлав.
“Би мужаан юм л даа. Би таны хүссэн бүх зүйлийг хийе” хэмээн мужаан шуламсаас гуйхад үүнийг сонссон шулам
“Чи миний хүссэн бүх зүйлийг хийх юм уу?” хэмээн асуув.
Шулам юу хүсэхийг мэдэхгүй байгаа ч гэсэн жирэмсэн эхнэрээ бодоод мужаан эр “ Тиймээ” хэмээн хариуллаа. Үүнийг сонссон шулам
/энд дарж Өнхрүүш үлгэр унших /
“ Болж байна. Чи бүх байцааг аваад эхнэрээ хооллож болно. Эхнэр чинь удахгүй охин төрүүлэх болно. Харин тэр төрүүлсэн охиноо чи оронд нь надаа өгөөрэй” хэмээн шулам охиныг нь авахаар санаархав. Үүнийг сонссон мужаан “ Үгүй би зөвшөөрөхгүй” хэмээн дургүйцэхэд шулам муухайгаар инээд алдаад “ Чи аль хэдийн зөвшөөрчихсөн шүү дээ” хэмээн хэллээ.
Удалгүй шулмын хэлсэнчлэн мужааны гэр бүл үзэсгэлэнт хөөрхөн охинтой болжээ. Ганц охиноо шулмаас нуухын тулд мужаан ой модны дунд маш өндөр цамхаг барин охиноо тэнд ээлжлэн өсгөж гэнэ. Гэвч шуламд цамхгийг бүхлээр нь харуулсан ид шидтэй бөмбөлөг байсныг тэд даанч мэдсэнгүй.
Нэг өдөр шулам мужаан эхнэртэйгээ цамхагт биш гэртээ байхыг хараад эхнэр нөхөр хоёрыг илбэдэн гүн нойронд автуулж өөрөө цамхгийн зүг хурдлан явлаа. Тэр цамхагт очин хөөрхий охиныг хараад хэлэв гэнэ.
“Чамайг би Рапунзел гэж нэрлэж байна. Чиний ээж аавын хулгайлж идсэн байцааны нэрээр чамайг нэрлэе. Рапунзел чи одооноос эхэлж минийх болсон”
Олон жил өнгөрч Рапунзел шуламтай хамт цамхагт амьдрах болов. Харамсалтай нь шулам хүүхэд яаж сайн арчлахыг мэддэггүй байв. Тэр хүүхдийн үсийг ч засаж мэддэггүй болхоор охины шаргал үс өдөр ирэх тусам урт болсоор байв. Шулмын хийдэг ганц зүйл нь охинд гадаах ертөнц аймшигтай гэмт хэргээр дүүрэн гэж итгүүлэн цамхгаас гарахын хориглож цамхагт цоожлон үлдээдэг байлаа.
Рапунзел өсөж том болсоор шуламсаас байнга гарахыг гуйдаг болов.
“ Энд надад хийх зүйл байхгүй байна шүү дээ ! Би яагаад энэ цамхгаас гарч болохгүй гэж?”
“Би чамд маш олон удаа хэлсэн. Гадаах ертөнц маш аймшигтай зүйл. Чи зүгээр томоотой суугаад үсээ самна” хэмээн шулам Рапунзелийг асуух бүрд түүнийг загнадаг байв.
“Үнэхээр тийм аймаар гэж үү? Заримдаа би хүмүүс инээлдэж байхыг гаднаас сонсдог” хэмээн охин асуухад шулам дахин орилж эхлэв.
“Би хэдэн удаа чамд хэлэх ёстой юм. Гаднын дуу чимээнд бүү итгэ. Гадаах ертөнц чиний бодож байгаагаас хамаагүй илүү муухай. Чи энэ цамхагт бүх насаараа байх болно, Рапунзел. Тийм болхоор үүнтэйгээ эвлэр”
12 насны төрсөн өдрөөрөө хөөрхий охин цамхагт амьдрахаас залхан шуламд уурлан хэлэв
“Би таны хэлсэн зүйлд итгэхгүй байна. Би энд ганцаараа үлдэхээс залхаж байна! Таныг явсны дараа би хаалгыг эвдэлж нүх гаргаад шатаар буугаад гарах болно. Та юу ч хэлсэн бай би болихгүй” хэмээхэд шулам “ Үгүй шүү” гээд өөрийн ид шидээрээ цамхгийн бүх шатыг нурааж, хаалгыг алга болгов. Одоо Рапунзелд зугтах ямар ч боломж байсангүй. Магадгүй та нар тэгвэл хөгшин шулам яаж цамхаг уруу орж гарах юм бэ? Гэж бодож магадгүй. Энэ үед Рапунзелийн үс маш урт ургасан байлаа. Хөгшин шулам цамхагт гарахыг хүсвэл цамхгийн доор очоод “ Рапунзел, Рапунзел! Үсээ буулгаач” гэхэд Рапунзел өөрийн урт сүлжсэн үсээ цонхоор буулгаж шулам охины үсийг ашиглаж цамхаг уруу авирч ордог байв.
Таван жил өнгөрлөө. Хөөрхий Рапунзел! Тэр энэ олон жилүүдийг цамхагт цонхоор гадаах ертөнцийг харан гунигт дуу дуулж өнгөрөөлөө. Заримдаа түүнийг сонсон өрөвдсөн шувууд охинтой хамт дуу дуулдаг байна. Шувуудыг сонссон охины ч сэтгэл нь сэргэн инээмсэглэдэг болов.
Нэгэн өдөр ханхүү ой модны дунд морьтойгоо давхиж яваад гайхалтай хоолой олж сонсов. Хаанаас энэ дуу гараад байна вэ? хэмээн гайхан ханхүү дууг даган цамхагт ойртсоор эцэст нь тэр цамхгийг олж ирлээ.
“Сонин юмаа. Ямар ч хаалгагүй цамхаг мөртлөө яагаад хүн цамхгийн дээр дуулж байгаа юм бол. Яаж дээр нь гарсан юм бол оо?” хэмээн ханхүү гайхан цамхгийг ажиглан явлаа. Ханхүү үүний дараагаар өдөр болгон цамхаг дээр очиж охины дуулахыг сонсдог болов. “Ямар эмэгтэй нь ингэж гайхамшигтай дуулна вэ? Би энэ охинтой хэзээ нэгэн цагт уулзаж чадах болов уу?” хэмээн байнга ханхүү бодол болох болжээ. Нэгэн өдөр ханхүү дахин цамхаг руу явж байхдаа хөгшин эмгэн цамхгийн доор зогсож байхыг харлаа. Тэр эмээг шулам гэдгийг ойлгоод ханхүү хурдхан шиг модны хойно орж нуугдан шуламсыг харж зогслоо. Тэгтэл шулам цамхаг руу харан “ Рапунзел, Рапунзел үсээ буулгаач” орилтол цамхгийн оройгоос урт шаргал үс бууж ирэв. Хөгшин эмээ үснээс зуурч хана дамжин дээшээ авирч цамхгийн орой дах цонхоор цамхаг руу орлоо. Үүнийг харсан ханхүү баярлан “ Одоо би ч гэсэн цамхаг руу гарч чадна” хэмээн бодоод шуламсыг буухыг хүлээлээ. Тун ч удалгүй үс дахиж цонхоор унаж шулам мөн л адил хана дамжин цамхгаас буугаад явлаа. Ханхүү шулам холдохыг хэсэг хором хүлээгээд цамхаг руу ойртон очоод “ Рапунзел, Рапунзел үсээ буулгаач” хэмээн дуугаа нарийсгаад шулам шиг дуугарахыг хичээв. Хэлж дуусмагц урт шаргал үс цамхгийн орой дах цонхноос бууж ирэв. Үүнийг харсан ханхүү “ Би чадлаа” хэмээн дотроо баярлаад үснээс барин цамхаг дээш авирч эхлэв.
Ханхүүг цонхоороо авирч орж ирэхийг харсан Рапунзел маш их гайхаж “ Чи хэн бэ?” гэж айсан байдалтай асуув. Хөөрхий Рапунзел эр хүн байтугай шуламсаас өөр хэнийг ч харж байгаагүй шүү дээ.
“Битгий надаас айгаарай. Би чамайг гэмтээхгүй” хэмээн ханхүү хурдан өөрийгөө тайлбарлав.
“Гэхдээ би чамайг танихгүй шүү дээ” гэж Рапунзел хэлэхэд
“Би харин чамайг сайн мэднэ. Би өдөр бүр чиний дуулахыг цамхгийн гадаа сонсдог байсан. Чи үнэхээр гоё дуулдаг юм байна лээ. Шувууд хүртэл чамтай дуулахад би хэчнээн баярладаг гээч” хэмээн ханхүү хэллээ.
“Тиймээ. Шувууд надтай дуулахад ч гэсэн би их баярладаг. Миний хийх дуртай ганц зүйл бол энэ. Би энэ цамхгаас гарч болохгүй өдөр болгоныг энд өнгөрөөдөг болхоор би өөр юм хийж болдоггүй юм.” хэмээн Рапунзел шуламсын хэлсэн бүхнийг ханхүүд ярилаа. Гадаах ертөнц аймшигтай болхоор Рапунзел хэзээ ч цамхгаас гарч болохгүй тухайгаа ч мөн адил хэлэхэд ханхүү
“Гэхдээ гадаах ертөнц тийм аймаар биш шүү дээ.” гэж хэлэн ханхүү охинд гаднах ертөнцийн гайхалтай зүйлс болох цэцэгс, гол, горхи, баяр наадам, жимс,тоглоомууд, гайхалтай цэцэрлэгүүдийг, эгдүүтэй нохой муурнуудыг хүртэл бүгдийг нь ярьж өгөв. Ингэж ханхүү Рапунзел хоёр ярьсаар олон цаг өнгөрөв. Цаг нисэхийг Рапунзел анзааран шулам ирчих вий хэмээн санаа зовоод ханхүүг хурдхан шиг цамхгаас буулгалаа. Ханхүү буухаасаа өмнө Рапунзелд “ Би маргааш ирнэ” хэмээн амлаад буулаа.
Дараагийн өдөр ханхүү Рапунзелийн үсээр дамжиж цамхагт дахин нэг удаа гараад охинд “ Би чамд өгөх гоё зүйл байна” гэж хэлээд гүзээлзгэнэ гаргаж ирэв. Гүзээлзгэнэ идсэн Рапунзел дотроо “ Шуламсын надад ярьсан зүйлүүд үнэхээр худлаа юм байна. Гаднах ертөнц гоё юм байна” гэж дүгнээд цамхгаас хурдан явахаар шийдэв. Гэхдээ тэр яаж буухаа мэдсэнгүй.
Охиныг эргэлзэж байгааг мэдсэн юм шиг ханхүү мөн адил охинд хандан “ Чи энэ цамхгаас бууж чаддаг бол би чамд гаднах ертөнцийг хэчнээн гайхамшигтайг үзүүлэхсэн. Би чиний үсний тусламжтайгаар бууж чадна. Харин чи яаж буух уу?” гэж гайхан асуув.
“Аргаа олчихлоо. Чи надад ирэх бүрдээ урт уяа авчир. Би уяануудыг холбоод шат болгоё. Уяа жижигхэн учраас шуламсыг харахгүй газар би нуучхаж болно. Уяа хангалттай урт болоход хоёулаа уяагаар дамжаад цамхгаас бууцгаая.” Хэмээн Рапунзел баярлан хэллээ.
Үүнийг сонссон ханхүү ч мөн адил баярлан санааг нь дэмжлээ. Тэгээд ханхүү Рапунзелд ойртон “ Энэ цамхгаас гараад чи эрх чөлөөтэй болох болно. Тэр үедээ надтай гэрлээч?” гэж Рапунзелээс асуулаа.
Асуултыг сонссон Рапунзел улайгаад ичингүйрэн “ Тиймээ би чамтай гэрлэе” хэмээн зөвшөөрлөө. Үүнээс хойш өдөр болгон ханхүү уяа авчирж Рапунзелд өгөх болов. Өгсөн уяагаар нь Рапунзел уртаас урт шат хийж байлаа.
Рапунзелийн 18 насны төрсөн өдрөөр шулам дахин нэг удаа Рапунзелийг загналаа. “ Чамайг энэ цамхагт ганцаараа байгааг чинь мэдэж байна. Битгий байнга үглэ. Үргэлж чи ганцаараа байх болхоор чи амьдралтайгаа дас” хэмээн шуламсыг загнахад Рапунзел уурлан
“Хэн намайг энэ цамхагт үргэлж ганцаараа байгаа гэж байна?” хэлэв. Үүнийг сонссон шулам гайхан “ Хэн чамтай энд байгаа юм вэ?” хэмээн асуув. Гэнэт буруу юм ярьснаа Рапунзел ойлгон “ Хэнтэй ч биш, зөвхөн тантай шүү дээ” хэмээн айж хариулахад шулам итгэлгүй цамхгийн булан бүрийг нэгжиж үзэв. Тун ч удалгүй охины нуусан уяаг ч олов. Шулам уяаг Рапунзелд харуулан “ Энэ чинь одоо юу вэ?” хэмээн ориллоо.
“Миний найз ханхүү надад авчирж өгсөн юм.” хэмээн Рапунзел тайлбарлахад шулам улам ихээр хилэгнэж “Чи хэзээ ч энэ ханхүүгээ дахиж харахгүй” хэмээгээд хутга гаргаж ирэн Рапунзелийн үзэсгэлэнт шаргал үсийг хайчилж орхилоо. Шулам гартаа хайчилсан урт үсээ бариад аймшигтай муухайгаар инээгээд өөрийн ид шидээрээ Рапунзелийг холын хол дах халуун говьд цөлчхөв. Үүний дараа шулам цамхгаас гаралгүй ханхүү ирэхийг хүлээв. Шулам удаан ч хүлээсэнгүй тун удалгүй ханхүү цамхгийн доороос “ Рапунзел, Рапунзел үсээ буулгаач” гэх ханхүүгийн дуу сонсогдов.
Өөрийн хэлдэг танил үгсээ сонсоод ханхүү яаж цамхагт гарсныг шулам ойлгов. Рапунзелийн урт үсний нэг үзүүрээс шулам сайн бариад нөгөө үзүүрийг ханхүү рүү шидэж өглөө. Ханхүү Рапунзелийн урт үсийг хараад баярлаж цамхаг дээшээ авирч цонхоор ортол урдаас нь үзэсгэлэнт Рапунзел биш хөгшин шулам угтаж авлаа.
Шулмыг хараад ханхүү хэлэв “ Рапунзел хаана байна вэ? Чи түүнийг хааш нь аваачив? ” Хариуд нь шулам
“Чи дахиж хэзээ ч Рапунзелийг харахгүй” хэмээн шулам орилоод ханхүүг цонхоор түлхээд унаагачихав.
Азаар ханхүү цамхгийн доор байрлах маш том ногоон дээр унаж амьд үлдэж чаджээ. Гэвч харамсалтай нь тэр том ногоонд маш олон өргөс байсан бөгөөд өргөснүүдийн зарим нь ханхүүгийн нүдэнд орж ханхүүг сохор болгочихсон байв.
Хөөрхий ханхүү хоёр жилийн турш дэлхийгээр хэсэн тэнүүчилж Рапунзелийг хайж явав. Өглөөнөөс орой хүртэл Рапунзелийг хайж явсан боловч тэр охины үзэсгэлэнт хоолойг ерөөсөө сонсож чадсангүй. Тэгж явсаар ханхүү холын холд байрлах говьд очлоо. Хар халууныг тэсэн явж байтал ханхүү гайхалтай гоё хоолойг сонсож чадлаа. “Би энэ хоолойг таньж байна” гэж өөртөө хэлээд ханхүү хоолойн зүг асар хурдтай гүйлээ.
“Ханхүү минь” ханхүүг харсан Рапунзел баярлан дуу алдаад ханхүү охин хоёр бие биенээ чангаар тэврэн авлаа. Хайртыгаа олсон ханхүү баярлан уйлахад ид шид болж ханхүүгийн хараа ч орлоо.
Үүний дараа уншигч та нар минь юу болсныг гадарлаж байгаа байх. Ханхүү Рапунзел хоёр маань хаант улсдаа буцаж очин гэрлээд хаан хатан болж улс орноо захираад аз жаргалтай амьдран суужээ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.