Эрхий мэргэн үлгэр
Унших хугацаа: 3 minutes
Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан хүн халууцаад, адуу мал харангадаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харваснаа онодог хавтай мэргэн харваач байж гэнээ.
“Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч!” гэж олон амьтан түүнд очиж гуйж гэнэ. Эрийн сайн төрсөн Эрхий мэргэн харваач эрхийдээ эрчтэй, элгэндээ цөстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харвадагтаа эрдэж:
“Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад, хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болоод харанхуй нүхэнд амьдарна” гэж ам алдаж тангараг хийж гэнэ. Тэгээд дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарч гэнэ.
Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар шагайж шившиж байтал нь хараацай шувуу урдуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир алтан хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.
Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ:
“Үдшийн харуй бүрийгээс үүрийн гэгээ ортол хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий минь огтлоод хөдөө газар хаяарай! Би эмээлт морио байгаад энхэл тунхал газар амьдрах болно” гэж ам тангарагаа өгчээ.
Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн гэгээ хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу үдшийн харуй бүрийгээр морьтой хүний урдуур, хойгуур ээрэн тойрон нисдэг нь: “ Намайг гүйцэх үү? Гүйцэх үү?” гэж дооглож байгаа нь тэр гэнэ.
Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангарагын ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг нь үүнээс болсон гэнэ. Бас Эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө, оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Тарваганд “хүн мах” гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар нь Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр, шөнө ээлжилдэг болсон гэнэ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.