аргат улаан үнэг

Аргат улаан үнэг үлгэр

Сошиалд хуваалцах уу?

АРГАТ УЛААН ҮНЭГ

Унших хугацаа: 8 minutes

Эрт урьд цагт нэг хоосон ядуу хүү оготно зурамд урхи тор зүүж, түүгээрээ амьдардаг байжээ. Тэгээд нэг өдөр оготно зурам агнаж яваад түр амран сууж байтал гэнэт нэг улаан үнэг хар гүйхээрээ давхиж ирээд тэр хүүгийн хормой доогуур шурган орж,

— За намайг хөөж яваа олон морьтой хүн ирээд үнэг хаачив гэж асуувал аль хэдийн тэр хамар дээгүүр даваад явчихсан гэж хэлээрэй гээд хүүгийн хормой доогуур нуугдан оров гэнэ. Гэтэл түүнийг хөөсөн бололтой буу саадаг агссан олон морьтой хүн хойноос нь давхин ирж, нөгөө хүүгээс:

— Нэг том улаан үнэг хаачив. Түүнийг харав уу? гэж асуухад нь хүү үнэгний хэлсэн ёсоор:

— Нэг үнэг аль хэдийн тэр хамар дээгүүр даваад явчихсан. Одоохон явбал гүйцнэ гэхэд тэр улсууд мориныхоо амыг ч татаж завдалгүй тэр чигээрээ давхин явцгаав гэнэ. Нөгөө хүүг босоод явахад үнэг ийн хэлж гэнэ.

— За та миний амийг аргагүй аварлаа. Харин ачийг тань заавал хариулах болно. Тэгэхдээ таны аж амьдрал хэр зэрэг билээ? гэж асуухад нь өнөөх хүү,

— Би оготно зурам урхи тороор барьж амь зуудаг хүн гэж үнэн байдлаа хэлж гэнэ.

— Оготно зурмын үнэ ч юу базаах вэ дээ! Харин чонын арьс л их үнэтэй шүү дээ. Иймд чоно авлаж арьсыг нь цай тамхи янз бүрийн юмнаас худалдана уу гэхэд хүү:

— Тэр ямар зүг байх вэ. Харин миний муу урхинд орж, надад агнагдах тийм чоно хаанаас байх вэ дээ гэж хэлэхэд нь:

— Та наад бүсэндээ байгаа хонхыг миний хүзүүнд зүүж өгнө үү? гэж гуйхад нь хүү бүсэндээ байсан хонхыг тэр үнэгний хүзүүнд зүүж өгчээ. Үнэг тэр өдрөө цаашаа давхиад янз бүрийн араатан амьтдын дэргэдүүр явж байтал чоно дайралдаад:

— Үнэг хүү чи энэ хөөрхөн юм хаанаас олоод зүүчих ээ вэ? Наадах чинь яадаг юм бэ? гэж асуухад нь

— Аа үүнийг зүүгээд явж байхад хоол унд элбэг их олддог юм гэжээ.

— Тэгвэл үүнийг хаанаас олж болох вэ? гэж асуухад нь үнэг

— Энэ юмыг олоход тийм төвөгтэй биш. Энэ булгийн мөсөн дээр өдөр шөнө хоёр оцойгоод суучихлаар нэг өвгөн хүрч ирээд хүзүүнд зүүж өгдөг юм гэжээ.

— Намайг оцойгоод суувал зүүж өгөх бол уу? гэж асуухад нь

— Надад өгсөн юм танд өгөлгүй яах вэ гэж үнэг хэлжээ. Чоно хүзүүндээ хонх олж зүүхээр шийдэж:

— Тэр булаг чинь чухам хаана байдаг юм бэ? гэж лавлан асууж аваад үлджээ. Үнэг ийнхүү чононд хэлснийхээ дараа хүүд хүрч ирээд:

— За хө маргааш өглөө энэ булгийн мөсөн дээр нэг чоно бөгсөөрөө наалдчихсан байх вий. Түүнийг очиж цохиод арьсыг нь авч цай тамхи идэж уух юмнаас өгөөрэй! гэж хэлээд явжээ.

Хүү маргааш өглөө нь юу магад гэж бодоод булгийн наахна мод бариад явж байтал нээрэн булгийн мөсөн дээр нэг чоно оцойгоод сууж байхыг хараад түргэн түргэн алхсаар очиход нь тэр чоно миний хүзүүнд хонх зүүж өгөх хүн ирж яваа юм бол уу гэж хүлээж байтал өнөө хүн гэнэт модоо далайж цохих гэхлээр нь цааш зугтаах гээд ухасхийх гэтэл бөгс нь мөсөнд наалдчихсан байжээ. Тэгэхийн хооронд хүү түүнийг цохиж алаад чононыхоо арьсыг худалдаж цай тамхи зэрэг юмнаас өгч гэнэ.

Гэтэл хүүгийн оршин суудаг тэр нутагт арслан барснаас эхлээд янз бүрийн араатан амьтан их байдаг тул бартай ууланд гарч ан хийхээр явсан боловч бард идүүлчихсэнгүй арай чамай гэж гэртээ иржээ. Тэгээд нэг өдөр оготно зурам агнаж явтал арслан дайралдаад

— Чамайг иднэ! гэхлээр нь гайхахдаа:

— За хоёулаа эрийн гурван наадмаар наадаад, хэн дийлсэн маань нөгөөгөө идье гэж тохиролцоод наашаа явж байтал аргат улаан үнэгтэй дайралджээ. Тэгээд түүнд:

— За би арслан бард идүүлчих гээд болохоо байлаа. Одоо хаачдаг билээ гээд арслантай дайралдаж энэ удаа ингэж хэлээд арай гэж амь гарлаа гэхэд

— Тэр чинь зөв. Харин маргааш очоод түүнтэй ямар ямар юмаар хэрхэн наадах вэ гэж ярилц. Хэрэв тэгээд зөвшөөрөх юм бол хоёулаа цагаан чулуунаас шүүс гартал базъя. Усгүй газраас ус гартал дэвсье. Ургаа модыг уг үндсээр нь булга татаж унагая гэж хэлээд ир. Хэрэв үүнийг зөвшөөрвөл би аргыг нь зааж өгье гэж үнэг хэлжээ.

Тэгээд маргааш нь үнэгний хэлсэн ёсоор арслантай

бяраа үзье гэхэд арслан тэгье гэж зөвшөөрөөд үлдэж, хүү аргат улаан үнэгэндээ ирж

— Бид хоёр яг хэлсэн ёсоор чинь ярилцан тохиров. Одоо яах вэ? гэж хүү асуужээ. Тэгэхэд нь аргат улаан үнэг:

— За одоо нэг довыг аятайхан хонхойлж ухаад дор нь гүзээнд ус хийж тавиад буцаагаад шороогоор нь булчих. Бас нэг модыг үндсийг нь гартал ухаж булга татаж аваад дор нь эргүүлээд хуучин янзаар нь аятайхан суулгачих. Мөн нэг шувууны өндөг олж тэр довынхоо ойролцоо тавьчих гэжээ.

Хүү тэр ёсоор нэг дов аятайхан авч доод газрын нь ухаж гүзээтэй ус хийж тавиад, нэг модыг үндсээр нь ухаж булга аваад буцааж хуучин байдлаар нь суулгаад нэг шувууны өндөг олж довынхоо дэргэд тавьжээ.

Тэгээд болзоотой өдрөө арслан, хүү хоёр уулзаж гэнэ. Тэгээд хэн нь урдаар бяраа үзүүлэх вэ? гэхэд нь чи үзүүл гэж арслан хэлжээ.

Өнөө хүү гүзээтэй ус хийсэн довон дээр ирээд дэвстэл дов цөмөрч дороос нь ус дээшээ оргижээ. Шувууныхаа өндгийг базтал бас түүнээс шүүс гарч гэнэ. Модыг хэвгий тал руу алгадтал үндсээрээ булга үсэрчээ.

Гэтэл арслан өдөржингөө газар дэвссэн боловч ус ер гаргасангүй гэнэ. Бас цагаан чулуу бүгдийг барьж хагартал хагартал базсан боловч шүүс гаргасангүй. Дараа нь модноос барьж татахад дундуураа хугарахаас биш үндсээрээ булгарсангүй гэнэ.

Тэгэхлээр нь «Аа энэ чинь үнэхээр хүчтэй амьтан юм байна. Би энэ хүнээс хүч дутуу болох нь мэдээжийн хэрэг болов» гэж бодоод арслан шантарч нутагтаа буцаж очоод бард:

— Энд нэг сүрхий бяртай хүн байна. Түүнийг би ч лав хүч хүрэхгүй юм байна. Чи яадаг бол, нэг оролдохгүй юу? гэж хэлэхэд: Бар

— За тэгье гэж хэлжээ.

Тэгээд байж байтал чоно бас бартай уулзаж тэр хүн миний анд найзыг мөсөн дээр сууж байхад нь бас модоор цохиж алсан юм. Тэр муу хүүд тийм их бяр чадал байхгүй. Хоёулаа очъё гэхэд нь бар

— Ээ мэдэхгүй хө, тэр чинь арслантай эрийн гурван наадам хийгээд, түүнийг дийлсэн гэсэн юм шүү. Би ч хувьдаа итгэхгүй байна гэж хэлжээ.

— Хэрэв та намайг итгэхгүй байгаа бол хоёулаа хүзүүгээрээ холбоод очъё гэж чоно хэлж гэнэ. Тэгээд барыг дагуулж хүүгийнд очихоор шийджээ. Гэтэл аргат улаан үнэг үүнийг мэдээд:

— За хө эндээс чоно, бар хоёр холбоотой ирэх нь байна шүү. Чи хойд хамар дээрээ нуруугаа үүрээд огт хэнэггүй янзтай,

— Аль хө! Өнөө өрт чоно ганц муу бар хөтлөөд ирж явах шиг байна. Урд уулнаас алсан барын гуя, хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чононд чанаж өг. Энэ хөтөлж яваа барыг хөлд нь чөдөр хийгээд уя! гэж хүнтэй ярьж байгаа юм шиг хашхирч байгаарай! гэж хэлжээ

Тэгээд өнөө чоно бар хоёрыг холбоотой ирж явахыг нь бараанаар хүү гэр рүүгээ өөр нэг хүнтэй ярьж байгаа маяг үзүүлэн

— Өнөө муу өрт чоно чинь нэг муу бар хөтлөөд ирж явах шиг байна. Түүнд урд уулнаас алсан барын гуя, хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чанаж өгөөрэй. Харин хөтөлж ирсэн тэр бард чөдөр хийгээд хурдхан шиг уяарай! гэж хэлэхийг бар сонсонгуутаа,

— За тэгнэ ээ тэр! гэж хэлээд бар байдаг хурдаараа буцаад давхихад нь түүний харайлтыг чоно гүйцэхгүй боогдохдоо шүд ам нь ярзайж арай хийж явахыг нь бар эргэж хараад, миний айж сандарч явахад чи бас надаар доог тохуу хийж инээнэ гэнээ! гэж уурлан том том харайгаад явтал чоно боож үхжээ.

— Арслан, бар хоёрыг айлгаж явуулснаас хойш айх юм одоо байхгүй. Харин танд авгай авч өгнө гэж аргат улаан үнэг хэлжээ. Тэгээд хан хурмастынд очиж:

— Манай доод тивд ганц баян, сайхан хүү байдаг боловч манай тивд түүнд тохирч тэнцэх тийм гоё сайхан хүүхэн үнэхээр олдохгүй тул танай охиныг авч өгөхөөр би явж байна гэж аргат улаан үнэгийг хэлэхэд хан хурмастын хаан:

— Чиний хэлдгээр үнэхээр тийм баян хөрөнгөтэй, гоё сайхан хүү юм бол дэлхийн дөрвөн хүчтэнээр сүй бэлэг тавиад ав! гэжээ.

— Тэгвэл дэлхийн дөрвөн хүчтэн гэж танай энд ямар амьтныг хэлдэг юм бэ? гэвэл: Бар, арслан, ирвэс, чоно энэ дөрөв байгаа юм. Үүнийг авчирч өгвөл охиноо тэр хүүд ямар ч саадгүй өгнө гэжээ.

— Аа, тэгвэл тэр дөрвөн хүчтэнийг авчирч өгөөд танай охиныг авна! гэж хэлээд аргат улаан үнэг буцаад явж

Эргэж ирээд өнөө хүүдээ,

— Би танд хан хурмастын охиныг авч өгөх боллоо. Харин дэлхийн дөрвөн хүчтэнээр сүй хүргэх ёстой юм. Тэр бид хоёрт нэлээд бэрх боловч аргыг нь олж болно биз дээ! гэж хэлээд маргааш өглөө нь аргат улаан үнэг босоод барт уулан дундуур учир зүггүй давхиж явтал бар дайралдаад:

— Үнэг чи юунд ингэж их яараа вэ? гэж асуухад нь:

— Аа би хан хурмастынд очиж өмч авахаар яарч явна. Тэднийх өнөөдөр өмч хөрөнгө хувааж, очсон бүхэнд өгнө гэж зар тунхаг гарсан гэнэ гэхэд нь бар давхиж ирээд:

— Хан хурмастынд очвол тэр өмчөөсөө надад өгөх бол уу? гэж асуухад нь

— Надад өгөх гэсэн юм. Танд өгөлгүй яах вэ гэж хэлэхэд нь бар үнэгний хойноос дагаад явжээ.

Барыг дагуулаад цаашаа ирвэст уулын дэргэдүүр давхиж явтал ирвэс дайралдаад

— Бар та хоёр хаачих нь вэ? гэж бас хойноос нь давхин ирээд асуухад нь аргат улаан үнэг

— Хан хурмастынх өнөөдөр өмч хөрөнгөө хуваах гэж байгаа тул тэнд эртхэн очих гэж бид яарч явна. Иймд тантай удаан ярилцах завгүй гэж хэлэхэд ирвэс

— Намайг очвол яах бол гэж асуухад нь

— Бидэнд өгөх гэсэн юм чинь танд өгөлгүй яах вэ гэж хэлээд ирвэс шиг дагуулжээ.

Ингээд бар, ирвэс хоёрыг хуурсан аргаараа бас арслан чоно хоёрыг хуурч дагуулаад өнөө хүүгийнд иржээ.

Тэндээсээ бар, ирвэс, арслан, чоно дөрвийг хүүгийн хамт дагуулаад явж гэнэ. Гэтэл аргат улаан үнэг хан хурмастынд ойртож очоод:

— Та нар эндээ түр хүлээж бай! Би хан хурмастынд очиж мэдээд ирье. Хэрэв өмчөө хувааж дуусаагүй байгаа бол заавал бидэнд өгөх ёстой! гэж хэлээд явжээ.

Аргат улаан үнэг хан хурмастынд ирээд:

— Сүй бэлэгт өгөх дэлхийн дөрвөн хүчтэнийг аваад ирлээ. Одоо яах вэ гэвэл

— Үүнд хийгээд цоожил! гэж нэг төмөр байшин зааж өгчээ. Тэгэхээр нь буцаж очоод

— Хан хурмастынх бидэнд өмч хөрөнгө өгөх гэнэ. Тэгэхдээ төмөр байшинд байгаа алт мөнгө зэрэг эрдэнийнхээ сангаас үзэж байгаад аль дуртай юмаа сонгож ав! гэж хэлэв. Иймд та нар түүний нь үзэж аль сайныг ялгаж бай! гэж дагуулж ирээд бар, арслан, ирвэс, чоно дөрвийг нөгөө төмөр байшинд хийгээд гаднаас нь цоожилжээ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл