сүүжний ясны домог

Сүүжний ясанд яагаад сүнс хорогддог вэ?

Сошиалд хуваалцах уу?

“Монгол ардын домог үлгэр”

      Хошуу ноёны охин, Мэнд гэх харц ардын хүүтэй хайр дурлалын холбоо үүсгэж, бие биедээ сэтгэлтэй болжээ. Хошуу ноён үүнийг мэдээд охиноосоо салгах гэж бүхий л аргыг хэрэглээд ядав гэнэ. Хэчнээн хорьж цагдсан ч, яаж ийгээд уулзаж учраад, охин нь бүр гэр орноосоо оргож, босгоод болдоггүй гэнээ.

Гэтэл нэгэн өдөр Ноёны шивэгчин: Мэндийг хугацаагүй цэргийн албанд явуулахыг санал болгож гэнэ, Ноён ч зөв арга хэмээн олзуурхан хүлээн авч гэнэ.Тэгээд Мэндийг цэрэгт яваад тун ч удаагүй байтал хайрт бүсгүй нь бие давхар гэдгээ мэдэж, бөөн баяр хөөр болж гэнэ.

Сэтгэлт залуу Мэндээс нь, мэндийн сураг ч үгүй, алдран хэсэг хугацаа өнгөрч гэнэ. Ноён охиноо жирэмсэн гэдгийг нь мэдээд, удам судар, хэргэм зэрэг нь халтартахаас айгаад, нутаг орныхоо хамаг л хорчин хорлогчин нараас зулбуулах эм, тан залж, илдэв аргаар үзээд ер болсонгүй гэнэ.

      Харин ч гэдсэнд дэх хүүхэд нь амьгүй мэт хөдөлгөөнгүй болсон ч гэдэс нь томорсоор л байж гэнэ. Бүр 1-жилийн дараа гэнэт өвдөж, хорвоогийн жам ёсоор төрж гэнэ. Гэтэл өнөөх хүүхэд нь буга чөтгөр болон төрж гэнэ.

Үс, хумс нь ургаж, нүд нь бүлтрэх шахсан, хөл, гар нь зэгзийсэн нарийхан, дэгээ мэт махир, мөн ангалзсан том амнаас нь аймшигтай том соёо цухуйж байж гэнээ. Ээж нь үүнийг хараад ухаан алдан унаж, зарц шивэгчид нь өнөөх үрийг нь амьдаар нь хээр булж орхиж гэнэ.

Орой бүрий болж, бүсгүй ухаан орж, ой санамжаа цуглуулан байх үеэс өнөөх үр нь гэрийг нь тойрон эргэлдэж: “ээжээ, ээжээ” хэмээн уйлан дуудаад байж гэнэ. Эх хүний сэтгэл үүнд эмтэрч,

“Үзээгүй муухай ч үр минь билээ

Үүр шөнийн заагаар очноо ээж нь

Үглэж дуудаад яах вэ?

Үе мөчөө амраа үр минь”

    хэмээн шивнэн, шившихэд өнөөх чимээ алга болон үр чөтгөр ч тайвшир ч гэнэ. Хэдэн шөнийн дараа ноёны охин нээрээ л үүр шөнийн заагаар өнгөрч гэнэ. Тэр нутагт “Минжийн хангай соёо” гэдэг нутаг байж гэнэ.

Ноён, тэр уулан дээр охиныхоо шарилыг даавуунд ороогоод, гоёл зүүсгэлийг нь зүүлгэж, хөөрхөн нүүрийг нь будаж, цэнхэр хадгаар толгойг нь ороогоод, орхиж гэнэ. Гэтэл түүний сүнс нь хорогдож тэр уулан дээр хүн байтугай мал гардаггүй болж гэнэ.

Гэтэл бүсгүйн сүнс биеийг нь ороосон цагаан даавуугаа цагаан морь болгон хөлөглөөд, толгойг нь ороосон хадгаа цэнхэр торгон дээл болгон өмсөж, өөрөө үзэсгэлэнт бүсгүйн дүрээрээ орой болонгуут хангинатал дуулсаар явдаг болж гэнэ.

Гэтэл тээр олон жилийн дараа Мэнд цэргээс халагдан ирж гэнэ. Ирэнгүүтээ хайрт бүсгүйгээ сураглаж, хүмүүс ч болсон явдлыг нэг нэгэнгүй ярьж өгч гэнэ. Түүнийг сонссон Мэнд уйлан хайлан Минжийн хангай соёоны дээр гарч гэнэ.

Тийнхүү бүсгүйг хүлээж байтал, орой бүрий болмогц нээрээ л морины туурайн чимээ гарч хайрт бүсгүй нь хангинатал дуулсаар ойртон ирж байна. Мэнд түүнийг хартал хайрт бүсгүй нь үхэж, үрэгдсэн гэхээргүй, урьдын адил, үзэсгэлэнтэй хэвээр байж гэнэ.

Тэр 2 ч уулзаж хэн хэнийхээ учир явдлыг хэлэлцэн ойлголцож гэнэ. Шөнөжин ярьж үүр цайхын алдад Мэнд хайрт бүсгүйгээ “хамт гэртээ харъя, юу ч болоогүй, юу ч өөрчлөгдөөгүй байна” хэмээн ятгаж гэнэ.

 Бүсгүй: “үгүй ээ, би харьж болохгүй, би чинь үхчихсэн хүн шүүдээ,

 Хад чулуун дээр тогтсон ус ууж

Хаягдсан муудсан сэг, зэм идэж явах ёстой юм.

 Ийм л зовлонд унаж

Тийм л үйлийг идэлж явандаа”

 хэмээн уйлж гэнэ. Мэндийн нүдэнд зүгээр л харагдах тул итгэсэнгүй, “хамт явъя” гээд л ятгаад байж гэнэ.

Бүсгүй аргаа бараад “чи надад итгэхгүй байгаа юм бол миний нурууг илээд үз” гэв. Мэнд илж үзтэл яс нь яргиж, хүрсэн газар нь үүрч унаад байж гэнэ.

 Мэнд асуув: “Тэгвэл чи надтай яаж яриад байгаа юм бэ?”

Бүсгүй хариуд нь: “Би чамайг хүлээж байлаа тийм болохоор чамтай л ярьж чадна, өөр хэн ч намайг чиний харж байгаа шиг харж чадахгүй, өөр хэн ч намайг сонсож чадахгүй” гээд дээлээ н тайлж гэнэ.

 Гэтэл дээлэн дотроос нь үхсэн хүний хэрзийсэн яс гарч ирж гэнэ. Ингээд Мэнд аргаан баран уулнаас бууж гэнэ. Маргааш орой Мэнд нутгийнхаа хамгийн том ламыг залж бүсгүйн сүнс хорогдсон ууланд гарч гэнэ. Бүсгүй ч дуугаа дуулсаар уулнаас буугаад ирж гэнэ.

Бүсгүй Мэндийг хараад: “дахин ийшээ ирэхгүй байхдаа гэж бодож байлаа” хэмээн Мэнд рүү харан инээмсэглэв. Энэ зуур лам ч номоо уншиж эхлэв гэнэ. Үүнийг харсан бүсгүйн сүнс догшир ч жинхэнэ төрхөө харуулж гэнэ. Олон жил ууланд оргоносон, үзэшгүй муухай төрхтэй, заваан амьтан лам руу орилон дайрч гэнэ.

 Номын дуу чангарах тусам бүсгүйн сүнс чөтгөр болон холдон ойртсоор өглөөтэй арай хийн золгож гэнэ. Гэтэл тэр үед өвгөн лам: “золтой л амь алдсангүй” хэмээн үглэн сууж байна гэнэ.

Тэгээд: “ Минжийн хангай соёоны буга чөтгөрийг чадан ядан дарлаа тэр хонхорт нэг юм үлдсэн байгаа аваад ир” гэв. Мэнд очоод  хартал тэр хонхорт нь нэг сүүжний яс хэвтэж байв гэнэ. Түүнийг авчраад лам өвгөнд өгтөл шившлэг, тарни уншаад “үүнийг сэтэл” гэв.

Мэнд ч хэлсэн ёсоор сэтлэв. Гэтэл хайртай бүсгүйнх нь хоолой гарч гэнэ. “ Ёох ингэж нэг юм сулрах гэж”хэмээх дуу Мэндээс холдон холдсоор тэнгэрт хөөрөв.

 Ингээд сүүжний ясны нүхэнд хорогдсон бүсгүйн сүнс чөлөөлөгдөж тэнгэрт хөөрсөн юм гэнэ. Үүнээс хойш сүүжний ясны нүхэнд сүнс хорогдох вий… хэмээн гэрт хонуулдаггүй  дээрээс нь хэрвээ хонуулах бол сэтлэн орхидог болсон домтой юм гэнэ.

Төстэй нийтлэл