Хар нүдэн хүү
Унших хугацаа: 5 minutes
Хар нүдэн хүү
Сайн цагийн хар нүдэн хүү гэж байжээ. Зах газар нутагладаг юм гэнэ. Заг түлээ түлдэг юм гэнэ. Харваж хүрэхгүй зэлтэй, хатирч хүрэхгүй уяатай юм санжээ. Найман настай Нанжин цэцэг нэртэй, тун ганцхан санаатай, тугал хар нүдтэй, жин ганцхан санаатай, жирвэгэр хар хөмсөгтэй тийм хатантай юм санжээ.
Арын гөрөөсийг аргал хоргол болтол намнадаг, өврийн гөрөөсийг өтөг шороо болтол намнадаг анч хүн юм гэнэ дээ. Алтан шарга, мөнгөн шарга хоёр морийг адуун дотроосоо унадаг хүн юм байна. Нэг өдөр хатнаа буулгаж ав гээд гурав дуудаад гарч ирсэнгүй тул уурлаад орж асуужээ.
Тэгсэн хатан нь урд шөнийнхөө зүүдийг бодоод гарч ирсэнгүй гэлээ. Юу гэж зүүдлэв дээ гэсэн чинь баруун урд тивийг эзэлсэн Интэй хар мангас ирж алаад, золбин, нохой, зожиг бухгүй хамж аваад явах нь гэж зүүдэллээ гэж хэлжээ.
Гадаа гарч ганзаганыхаа санг тавьчхаад жижиг шарга морио унаад явахаар шийдэж гэнэ ээ. Ингэж морио эмээллэж аваад явсан, морь нь дээшээ од тоолон, доошоо үндэс тоолон булгиж гэнэ ээ. Ерэн таван толгойтой Интэй хар мангасыг дарахаар явна гэж мориндоо хэлж, баруун өвдөгнөөс нь адис авчээ.
Мөнгөн шарга нь сунан гунан алхалж гурван гүвээ давж, дөнөн дөнөн алхалж дөрвөн гүвээ давж явах болж гэнэ ээ. Ган ихтэй хэтээ ганц нэг цахиад, галзуу улаан тамхиа ганц нэг сороод, аяганы чинээ алаг нүдээр замбуутивийг харж сууж гэнэ ээ.
Баруун урд хөндийд батганын чинээ бараа харагдаж гэнэ. Тэгээд очтол арван хоёр майхан байж. Голд нь угалз болсон улаан торгон майхан байна гэнэ. Алтан мөнгөн шон дээр хар халзан луус уяатай байж гэнэ. Улаан торгон майхны нь цондонгоос нум сумаа дүүжлэх гэсэн майхан нь даасангүй гэнэ.
Миний муу дэрсэн хавчаахайг даахгүй майханд ямар амьтан суугаа юм бол гэж хэлээд орж гэнэ ээ. Орсон чинь Интэй хар олбог түшлэг дээр сууж байж гэнэ. Ороод очсон чинь мангас бүдүүн өвсийг бөхөс гэтэл нарийн өвсийг нахис гэтэл босоо хүний борви доогуур, суугаа хүний суга доогуур арайхийж амрыг нь эрж байна гэнэ ээ. Тэгээд
— Хэрэг зориг хэнд вэ? Хэт нутаг хаана вэ? гэж асууж гэнэ. Хэрэг зориг энд, хэт нутаг тэнд гэж хэлжээ.
— За маргаашийн ургах улаан нарнаар уулзъя даа гэж гэнэ.
Ингээд маргааш өглөө нь уулзахаар болов. Мангас улаан нарнаар нум сумаа татаад унах нарны үед тавьсан эрхийнээс нь шүдлэн үхрийн чинээ цус ойчиж байж гэнэ ээ. Хар нүдэн хүүгийн арван тавны сар мэт агар цагаан цээжнээс хайчийн чинээ ч халзалсангүй, шалзан чинээ ч шалзалсангүй гэнээ.
За, эр хүний ээлж болсон бол миний ээлж гээд маргааш өглөө нь хүү харвах болж мангас хорин тавны сар мэт хонгор улаан цээж гаргаад сууж гэнэ ээ. Хүү мангасын элэг зүрхийг аваад хаячихсан гэнэ ээ. Эр хүн энэ зэргийн шарханд үхвэл эм хүн болно гээд үд хүрэхгүй үхэр цагаан эм хийж, хоног хүрэхгүй хонин цагаан эм хийж урьдынхаас улам эвтэй болгоод,
— За хоёул аав ээжийн махан бодоор тулалдана гээд усгүй газрыг ус гартал, устай газрыг ширгэтэл ноцолдоод уулыг тал, талыг там болтол ноцолдоод дүндээ гурван сар болжээ.
Хар нүдэн хүү хүүхэд цагийнхаа бухалтаар нэг бухаж, бухан цагаан гуяны дороо хийж авч гэнэ ээ.
Мангас: эр чинь сайн байна. Эд чинь муу байна гээд улан дороо гурав нугалж хийсэн шар сэлмээ авч өгч гэнэ ээ. Хар халзан луусыг минь шарга морь шигээ унаарай. Архи уухдаа битгий унаарай. Авгай хүүхдээр минь үнс битгий гаргуулаарай. Үйл битгий оёулаарай гэж захижээ.
Ингээд захихад мангасыг цавчаад хамгийн гол толгойгоор нь хар халзан луусанд молцог хийгээд гэрт нь очжээ. Уяан дээр нь очсон чинь аалзны чинээ атигар шар авгай гарч ирээд молцог зүүсний нь харж годхийгээд гэртээ орчхож. Ороод очтол хоймрынхоо олбого дээр завилаад суучихсан байна гэнэ. Эрийнхээ толгойг залгисан эм ингэж суудаггүй юм гэж хэлээд хага гишгэчхэж гэнэ.
За тэгээд гал домбо, галын шилээгүүр хүртэл ачаад бөөнөөр нь хөдөлгөөд нутагтаа ирсэн чинь хүн байтугай шувуу шаазгай ч үзэгдэхгүй цөл газар болчихсон байжээ. Зусландаа очсон зуссан шинжгүй, өвөлжөөндөө очсон өвөлжсөн шинжгүй, мэл гайхаад цэл хөхрөөд сууж гэнэ. Тэгсэн нэг бууцны нь дэргэдэх чулуун дороос бичиг цухуйж байв. Үзтэл авгайн нь захиа байж гэнэ.
Хонины чинь түрүүнд явдаг хотгор борлог хонины чинь махыг улаан домботой цайтай хамт голомтын чинь дор булсан. Халуун бүлээн байвал миний хойноос очоорой. Зүүн урд тивийг эзэлсэн Эрхэлдэй мэргэн чамайг эзгүйд намайг аваад явлаа. Өвөлжөөний чинь баруун өмнө азаргаар адуу тастаад байлгасан гэж бичжээ.
Махаа автал халуун бүлээн байна гэнэ. Нэг завжаараа махыг нь цувуулаад, нэг завжаараа ясыг цувуулж идчихээд өвөлжөөнийхөө баруун өмнөх адуун дээрээ очжээ. Алтан шарга морь нь сүүлээрээ тоглож, сүүдрээсээ бусгаж, толгойгоороо тоглож, тоосноосоо бусгаж байж гэнэ.
Морио сольж унаад зүүн урагшаа явж гэнэ. Холын уул дээр гараад харж байтал батганын чинээ бараа харагдаж гэнэ. Тэнд очсон мөн арван хоёр майхан шаалттай, алтан мөнгөн хоёр гадсан дээр сайхан цусан зээрд морь уяатай байна гэнэ.
Хазаарынх нь зуузайнаас алтан шарга морио уяад мөн түрүүнийх шиг голын цэнхэр торгон майханд орсон чинь хамгийн хойд талд нь эрийн сайн Эрхэлдэй амар мэндийг нь эрж байна гэнэ.
— За, хэт нутаг хаана вэ? Хэрэг зориг хэнд вэ? гэхэд хэт нутаг тэнд, хэрэг зориг энд гэж хэлжээ.
За, маргааш ах настайгаараа би урьтъя даа. Ургахын улаан нарнаар уулзъя даа гэж мөн л түрүүнийх шиг л нум сумаа татаж тавьжээ. Бас л халзалж, шалзалсангүй. Хүү харваж мөн л мангасын адил элэг зүрхийг авч гэнэ. Эрхэлдэй ч эдгэрч зүгээр болоод маргааш нь махан бодоор уулзана гээд мөн их ноцолдож гэнэ. Гурван сар ноцолдож бас л хүүхэд цагийнхаа бухалтаар бухаж алав.
Эрхэлдэй, мангасын адил захиа захиад цавчуулж гэнэ. Цусан зээрд моринд нь толгойгоор нь молцог хийгээд очсон чинь хатан нь амаараа шороо үмхээд унаж гэнэ. Уулын давааг давахаас биш үйлийн давааг давдаггүй юм гээд босгож цусан зээрд моринд нь унуулаад авч харьж мөн хотол хошуугаар нь нүүлгэж гэнэ.
Албат иргэдээ авч очоод хутга тавилгүй мах идэж, хул тавилгүй айраг хундага тавилгүй архи ууж, жар хоногийн жаргал, ная хоногийн найр хийгээд амар сайхандаа жаргаж гэнэ ээ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.