The little mermaid / Бяцхан лусын дагина богино үлгэр унших
Үлгэр унших цаг: The little mermaid / Бяцхан лусын дагина
Алс Далайн гүнд тэнгисийн хаан усан доорх ертөнцийг захирдаг байв.
Далайн хамгийн гүн хэсэгт түүний цайз байдаг ба Хана нь цэнхэр шүрээр хийгдсэн байв. Далайн хаан, хатан, дөрвөн охинтойгоо амьдардаг байсан бөгөөд тус бүр нэг жилийн зайтай төржээ.
Дөрвөн гүнжийн хамгийн бага нь Бяцхан лусын дагина байв. Тэрээр ихэнх цагаа далайн ёроолд унасан усан онгоцнууд дунд сэлж өнгөрөөдөг байжээ. Усан онгоцнууд алт эрдэнэсээр дүүрэн ба хүний эд хогшлоор элбэг байв. Хүний эд хогшилд дуртай Бага лусын дагины цуглуулга хөлөг онгоцны энд тэнд харагдана. Лусын бага дагина дуулах маш дуртай ба Түүнийг сонсохын тулд ойр орчмын загас эргэн тойронд нь эргэлдэж түүнийг бүждэг аж. Бяцхан лусын дагины хоолой далай доорх хамгийн сайхан хоолой байв.
Далайн хааны охидууд 15 нас хүрмэгцээ далайн цохио, өндөрлөг хэсэгт гарах эрхтэй болдог байв. Хамгийн бяцхан лусын дагины мөрөөдөл бол тэр 15 нас хүрч далайн өндөрлөг хэсэгт гарах юм. Түүний хамгийн их сонирхдог зүйл нь газар дээрх хүмүүс болон тэдний аж амьдрал байв.
Төд удалгүй хамгийн том эгч 15 нас хүрэв. Тэр хамгийн түрүүнд газрын гадарга дээр гарч үзэв. Тэр эргэж ирээд дүү нартаа энэ тухай хэлж олон гайхамшигтай зүйлсийн талаар ярьж өгөв! Тэр далайн эргийн зөөлөн цагаан элс, гүн хөх тэнгэр, нарны хурц гэрэл үүлсийн цаагуур орж алтан шаргал өнгө болон хувирсан тухай дүү нартаа ярьж өгөв.
2 дах эгчийг 15 хүрэхэд өвөл болжээ.
Тэрээр мөсөн уулс далайд хөвөн гялалзаж гэрэлтдэг тухай ярьж өгөв. Бүх хөлөг онгоц мөсөн уулнаас холуур хөвдөг тухай, мөн мөсөн уулс хоорондоо ойрхон хөвдөг ба раг л найзууд шиг харагддаг хэмээн ярьж өгөв.
Гурав дахь эгчийн ээлж болоход тэрээр далай тэнгистэй хамгийн ойр хотын хаалга руу очсон тухайгаа хэлэв. Тэрээр гудамжинд явж буй хүмүүсийн хоорондоо хэрхэн ярьж буйг сонсож, мөн хүмүүс хэрхэн морь унадгийг үзэв. Тэр ч байтугай өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хөгжмийн аялгуу сонссон тухайгаа ярьж өгөв.
Энэ бүхнийг Бяцхан лусын дагина гайхаж сонсов. Тэрээр 3 эгчийнхээ ярьсан бүхнийг сонсож 3 эгчийнхээ үзсэн бүхнийг нүдээрээ үзэхийг ихэд хүсдэг байв. Эцэст нь тэр бас 15 нас хүрлээ. Одоо тэр газрын гадарга гарч, өөрөө харах боломжтой болов.
Түүнийг усан дээгүүр гарч ирэхэд Бяцхан лусын дагина том усан онгоцны хажууд байв. Усан онгоцонд сайхан хөгжим тоглож байв. Далайчид тавцан дээр бүжиглэж байв. Тэд инээж, цагийг сайхан өнгөрөөж байв. Энэ бол оройн үдэшлэгийн цаг байлаа. Үе үе далайн долгион Бяцхан лусын дагиныг дээш өргөхөд тэр усан онгоцийг илүү сайн харж байв. Гэнэт царайлаг залуу тавцан дээр гарч ирэв. Энэ зуур зуун пуужин агаарт хөөрөв. Энэхүү үдэшлэг нь ханхүүд зориулагдсан ба түүний төрсөн өдөр нь байв. Далайн дагина сэлсээр залуу ханхүүд илүү ойртон очив.
Хөлөг онгоцон дээрх хүмүүс бүгд ханхүүд дуртай байсан бололтой. Түүнийг ярихад далайчид бүгд инээлдэнэ. Заримдаа тэд баярлан түүний нуруун дээр алгадана.
Гэнэт харанхуй болж, салхи хүчтэй салхилав. Далайчид тавцан дээр гүйлдэж эхлэв. Тэд усан онгоцны дарвуулыг доошлуулан хураав. Усан онгоц бараг л хөмрөх шахав. Усан онгоц хажуу тийш эргэлдэж, далайн өндөр долгионы дагуу дээш, доош эргэлдэв.
Дараа нь Аянга цохиж хүчтэй аадар бороо оров. Хөөрхий хөлөг онгоц ширүүн давалгаанд эргэлдэж эхлэв! Хэтэрхий харанхуй байсан тул Бяцхан лусын дагина юу ч харж чадахгүй байв. Дараа нь аянга тэнгэрийг гэрэлтүүлэхэд, залуу ханхүүг тавцан дээрээс олж харав. Залуу ханхүү хөлөг онгоцноос шидэгдсэн хүмүүс рүүгээ олс шидэж байв. Гэвч дараагийн хүчтэй далайн долгион маш хүчтэй өндөр болж, хөлөг онгоцыг хөмрүүлэв. Ханхүү далай руу маш хурдтай унав.
Бяцхан лусын дагина юу хийх ёстой байсан бэ? Тэр хүн төрөлхтөн усан дор амьдарч чадахгүй гэдгийг мэдэж байв. Лусын дагина гүнзгий, хурдан шумбадаг тул гараа сунган ханхүүгийн цамцнаас нь барьж авч чадлаа. Дараа нь тэр ханхүүг гадаргуу руу аль болох хурдан гаргав. Эцэст нь тэр толгойг нь уснаас дээш татаж гаргалаа. Ингээд өглөө болоход шуурга намжив. Гэсэн хэдий ч ханхүү ухаан ороогүй л байлаа.
Залуу ханхүүг хуурай элсэн дээр татаж гаргах нь амаргүй байсан ч лусын дагина үүнийг хийж чадсан нь гайхалтай. Лусын дагина ханхүүгийн царайг ширтэн сэрэхгүй байгаад нь санаа алдан гуниглаж дуу дуулж эхлэв. Гэнэт ханхүү хөдлөв “Өө! Чи зүгээр үү?” гэж лусын дагина асуугаад, духан дээр нь хүрэв.
Яг энэ үед хэсэг охид далайн эрэг рүү ирж байгааг сонсоод лусын дагина даруй тэнгис рүү шумбан орж хадны ард нуугдав. Учир нь тэр газар дээрх хүмүүст харагдахыг хүссэнгүй. Харин далайн эрэг дээрх охид тусламж дуудаж, удалгүй тэд ханхүүг дагуулан аваад явав. Ханхүүгийн амийг хэн аварсныг хэн ч мэдэхгүй үлдсэн ба лусын гүнж далайн гүн рүү шумбан алга болов.
Түүнийг гэртээ буцаж ирэхэд эгч нар нь түүний аяллын талаар бүх зүйлийг мэдэхийг хүсчээ. Гэхдээ тэр юу ч хэлэлгүй гуниглан суув.
Өдөр хоногууд өнгөрсөөр л байлаа. Эгч нар нь хамгийн бага дүүдээ санаа зовон эмээ дээрээ очиж тусламж гуйжээ. Хөгшин эмээ ач охин дээрээ очив. “Хүүхэд ээ, юу болоо вэ?” тэр асуув.
Бяцхан лусын дагина: “Эмээ минь, би дахиж хэзээ ч баярлахгүй!” гэж хэлээд Тэр ханхүүтэй уулзаж, түүнийг аварсан тухайгаа ярив. “Би ямар нэгэн байдлаар газар дээгүүр алхаж, тэр залуутай хамт байж чадахгүй л бол үлдсэн өдрүүдээ гунигтай өнгөрөөх юм шиг байна!” хэмээн бага лусын дагина эмээдээ хэлэв.
“Хонгор минь, лусын дагина хоёр хөл дээрээ алхах боломжгүй гэдгийг чи сайн мэднэ шүү дээ!” Яах вэ, ийм зүйл хийж чадах цорын ганц хүн бол Далайн шулам юм. Гэхдээ мэдээж түүн рүү очих нь дэндүү аюултай. ” хэмээн эмээ нь хэлээд өрөөнөөсөө гарч явав.
Харин Бяцхан лусын дагина эмээгийнхээ яриаг сонссон даруйдаа тэнгисийн шулам амьдардаг тэнгисийн алслагдсан булан руу чиглэв. Энэ бол Далайн шулам амьдардаг газар юм.
Бяцхан лусын дагина далайн шуламтай уулзаж түүнээс хүн шиг 2 хөлтэй болгож өгөхийг гуйв. “Ямар ч асуудалгүй охин минь, Би үүнээс хамаагүй илүү зүйлийг ч хийж чадна. Хөлтэй болохын тулд ердөө энэ савтай усыг уухад л хангалттай” гэж Далайн шулам хэлээд охин руу зөөлөн харав. “Гэхдээ би зүгээр л өгөхгүй гэдгийг чи ойлгож байгаа байх тиймүү охин минь” хэмээв.
“Өө!” гэж Бяцхан лусын дагина хэлээд “Тэгвэл таны үнэ хэд вэ?” хэмээн Далайн шулмаас асууж орхив.
Далайн шулам “Өө, энэ тийм ч үнэтэй биш охин минь, чиний дуу хоолойгоор солилцож болох л юм.”
“Миний дуу хоолой?” гэж Бяцхан лусын дагина хэлэв. Бяцхан лусын дагинын хоолой бол далайн гүн дэх амьтдын хамгийн их хайрладаг зүйл юм.
“Дуу хоолой чамд нэг их хэрэгтэй биш шүү дээ” гэж тэнгисийн шулам хэлээд “цагаа дэмий үрээд яахав. Үүнийг бушуухан уу”! гээд шилтэй зүйл өгөв. Далайн бяцхан гүнж ууж орхив.
“Сануулах зүйл байна бяцхан гүнж минь Хэрэв ханхүү өөр хүнтэй гэрлэвэл маргааш нь чи үхэх ёстой. Мөн чиний дуу хоолой надтай үүрд хамт үлдэх болно” гэж шулам хэлэв.
Бяцхан лусын дагины зүрх хүчтэй цохилов.
Тэр даруй биеэр нь илд нэвтэрч байгаа мэт толгой эргэж, өвдөв. Түүний толгой эргэж, нааш цааш хөдөлж байгаад ухаан алдав. Түүнийг сэрэхэд тэр ханхүүг аварсан далайн эрэг дээр хэвтэж байв. Толгойгоо дээш өргөхөд түүний мөрөөдөл нь биелсэн болохыг олж харав. Түүний сүүл байсан газарт хүний хоёр хөлтэй болсон байв!
Гэнэт хажуу талаас нэг хүн “Хатагтай, Би танд туслах уу?” хэмээн асуув. Эргээд хартал лусын гүнжийн аварсан ханхүү дүрээрээ зогсож байв. Лусын дагина ямар нэг юм хэлэх гэсэн боловч амнаас нь үг гарахгүй байв. Ханхүү түүнээс “Чи ярьж чадахгүй байна уу?” гэж асуув. Дагина “үгүй” гэж толгой сэгсрэв. “Өө! За тэгвэл би чамайг цайз руу аваачъя. Тэнд чиний хувцсыг цэвэрлэж, хуурай хувцас өгөх болно” гээд дагуулаад явав.
Бяцхан лусын дагина ханхүүтэй хамт цайз руу явж буйдаа маш их баяртай байв. Тэр цайзад очсон даруйдаа 2 хөлөөрөө алхах дасгал хичээнгүйлэн хийв. Түүнд 2 хөл дээрээ явах нь хэцүү байсан ч маш их сонирхолтой санагдаж байв. Төд удалгүй тэр 2 хөл дээрээ чөлөөтэй явж сурав.
Эхний шөнө ханхүү түүнд цайзын өрөөнүүдийг үзүүлэхээр хамтдаа тойрон алхав. Тэрээр ханан дээр дүүжлээстэй байгаа хөрөгнүүд рүү заагаад тухайн хөрөг ямар учиртай болох тухай бүгдийг ярьж явав. Түүнийг хөгжилтэй зүйл хэлэхэд тэд хамтдаа инээлдэж гунигтай зүйл ярьж өгөхөд нь даган гуниглаж явав.
Дараагийн өдөр нь хааны үдэшлэг болов. Ханхүү Бяцхан лусын дагинаас түүнтэй хамт үдэшлэгт явах эсэхийг асуув. Бяцхан лусын дагина томоор “тийм” гэж толгой дохив! Үдэшлэгийн үеэр Ханхүү Бяцхан лусын дагинын хажууд байхдаа баяртай байгаагаа мэдэрч байв.
Үдэшлэгийн дараачаас Ханхүү Бяцхан лусын дагиныг өдөр бүр хажуудаа байлгахыг хүсэж тэр ч байтугай түүнд дурлаж байгаагаа мэдрэв. Гэхдээ Ханхүүгийн сэтгэл өөрийнх нь амийг аварсан сайхан хоолойтой бүсгүйг олж гэрлэх байв. Харин дэргэд нь буй шинэхэн найз нь дуу дуулах байтугай ярих ч чадваргүй тул лусын гүнж гэдгийг нь хэрхэн мэдэх билээ дээ.
Хаан нэг өдөр ханхүүг дуудав. “Хүү минь” гэж тэр хэлэв, “ээж бид хоёр чинь шийдвэр гаргасан. Чи сүйт бүсгүй авах цаг болжээ. Бид чамд зориулж хөрш улсын гүнжийг сонгосон ” гэв.
“Юу?” гэж ханхүү асуув. Тэр мөрөөдөж явдаг хамгийн сайхан хоолойтой эмэгтэйтэйгээ л гэрлэхийг хүсэж байв.
Хаан хүүдээ хандаж “хөрш улсын гүнж өнөө орой эцэг эхтэйгээ хамт ирнэ. Бид хуримын төлөвлөгөөгөө гаргах болно” гэв.
Ханхүү бодолд дарагдав. Харин энэхүү яриаг санамсаргүй сонссон Бяцхан лусын дагина айдаст автав. Учир нь Ханхүү өөр хүнтэй гэрлэсний маргааш нь лусын дагинад юу тохиолдохыг тэр хамгийн сайн мэдэж байгаа билээ.
Орой болж хөрш улсын гүнж айлчлан ирэхэд Бяцхан лусын дагинын асуудал улам бүр дордов. Учир нь далайн шулам хөрш улсын гүнжид Бяцхан лусын дагинын дуу хоолойг шилжүүлсэн байв. Хөрш улсын гүнж хувиа хичээсэн зантай, зөвхөн өөрийгөө л боддог гүнж байв.
Ингээд хөрш орны гүнж Ханхүүтэй мэндлэх үед Бяцхан лусын дагины хоолой сонсогдов! Ханхүү гайхаж орхив. Тэрээр гүнжээс дуулахыг хүсэв. Бяцхан лусын дагины хоолой хөрш улсын гүнжийн амнаас гарахад Ханхүү итгэж ядан гайхан зогслоо.
Эцэст нь тэр энэ бүх хугацаанд хүсэн хүлээж байсан эмэгтэйтэйгээ олсондоо баярлаж түүнтэй гэрлэх тухайгаа Бяцхан лусын дагинатай хуваалцав. Ханхүүг баяр хөөрөө хуваалцахад лусын дагина түүнд баяртай байгааг мэт харагдахыг хичээв. Гэвч гуниг лусын дагинын зүрхийг дүүргэв.
Маргааш өглөө үүрээр Бяцхан лусын дагина далай руу явав. Эгч нар нь түүнээс юу ч сонсоогүй тул санаа зовж, түүний биеийн байдлыг харахын тулд усны мандал дээр хөвөн гарч ирэв.
Хамгийн бага эгч нь Бяцхан лусын дагинын зовлон бэрхшээлийг бусад эгч нартаа хэлж өгөв. Маргааш хурим болоход хамгийн бага дүү нь үхэх тухай эгч нартаа хэлэв. Үүнийг сонссон эгч нар нь бяцхан гүнждээ туслахаар болж бага дүүгээ шөнийн 3 цагт далайн эрэг дээр ирээрэй гэж хэлээд далайн гүн рүү шумбан одов.
Тэр шөнө Бяцхан лусын дагина хэлсэн ёсоороо эргэж ирэв. Гурван эгч далайн хөвөөнд гарч ирэв. Тэдний сайхан урт үс нь алга болжээ. Учир нь тэд далайн шуламтай тохиролцож урт сайхан үснүүдээ өгчээ.Харин урт үснийхээ оронд хутга авчирсан байлаа. Бяцхан лусын дагина энэ хутгаар хөрш орны гүнжийг алах ёстой. Ингэж хурим хийх боломжгүй болж, тэр тэнгис рүү буцаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломжтой болно.
Далайн бяцхан гүнж хутгыг авахыг хүсээгүй ч эгч нарынхаа хийсэн зүйлийн төлөө чимээгүй хутгыг авав.Харин зүрх сэтгэлдээ хөрш улсын гүнжийг үгүй хийж чадахгүй гэдэгээ мэдэрч байв.
Хуримын өдөр ирлээ. Бяцхан лусын дагина бусад зочидтой хамт хуримын хөлөг онгоцонд хүрч ирэв. Хурим нар жаргах үед болох байв.
Энэ хооронд эгч дүү гурав гэртээ харьсан байв. Тэд аавтайгаа уулзахад. “бяцхан гүнж хаана байгааг Хаан аав асуув. Эгч нар нь аавдаа хамгийн бага дүүгийхээ тухай бүгдийг хэлж орхив.
Үнэнийг мэдсэн Далайн хаан яаравчлан Ханхүүгийн хуримын хөлөг онгоцон дээр очив. Түүний охин бяцхан далайн гүнж хутгыг хэрэглээгүй ба өөрийн үхэлтэй эвлэрэн хөлөг онгоцон дээр гуниглан суухыг харав.
Тэгээд далайн хаан тэр даруй далайн шуламтай уулзахаар явав.Түүнийг очиход өөрийг нь ирэхийг хүлээж байсан шулам жуумалзан инээмсэглэв. Далайн шулам Далайн хааны таягыг өөрийн болгохыг хүссэн ба бяцхан лусын дагины амийг аврах ганцхан арга хэмээн хэлэв.
Далайн шулам гартаа очирт таяг барьвал, далайн гүн далд ертөнцийг захирах болно! Далайн хаан гүнзгий амьсгаа авав. Тэр өөр юу хийж чадах билээ? Тиймээс тэр зөвшөөрөв.
Ингээд далайн хааны таяг шуламсын гарт орж далай тэнгис шуламд захирагдах болов.Далайн шулам хамгийн түрүүнд хурим болж буй хөлөг онгоц руу явав.
Шулам өөрийн таягыг ашиглан аварга том наймаалж болон хувирав. Наймаалжны тэмтрүүлээ ашиглан усан онгоцыг эвдлэн сүйтгэж бяцхан далайн гүнжийг олж аван тэмтрүүлээрээ дээш өргөв.
Яг энэ үед бяцхан далайн гүнж гартаа байсан эгч нарынхаа өгсөн хутгыг ашиглан далайн шулмын цээжинд дүрэв. Далайн шулам өвчиндөө шаналан далайн гүн рүү живэн алга болов. Шулмыг үхэхтэй зэрэгцэн бяцхан далайн гүнжийн хоолой түүний биед эргэн ирэв. Мөн эгч нарынх үс, далайн хааны таяг хүртэл буцаад эзэндээ очив.
Бяцхан гүнж өөрийн дуу хоолойг буцаан авсандаа баярлан дуу дуулав. Энэхүү уянгалаг хоолойг сонссон Ханхүү түүний амийг амарсан эмэгтэйг далайн гүнж гэдгийг мэдэв. Харин гэрлэх гэж байсан хөрш орны гүнжийн хоолой гэнэт өөрчлөгдөн боргил хоолойгоор “Энэ ямар муухай вант улс вэ! Та нар хурим ч хийж мэдэхгүй!” хэмээн муухай хашхирав. Ханхүү хөрш орны гүнжийг сонсоод түүний бодож байгаа шиг хүн биш гэдгийг мэдэв.
Энэхүү үйл явдлыг харсан далайн хаан “Миний охин үнэхээр өөрийн хайртай хүнээ олжээ” хэмээн охиндоо хэлээд түүнийг Ханхүү дээр очихыг зөвшөөрөв.
Ханхүү бяцхан далайн гүнжийг чангаар тэвэрч аваад “Миний хажууд чи дандаа байсныг би мэдэрч байсан” юм гээд “Надтай гэрлээч” хэмээн гуйв. Бяцхан лусын дагины сэтгэл маш их баярлаж өөрийн дуу хоолойгоор “Тийм” гэж хэлээд толгой дохив.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.