морь булигах

Алтан Мөнгөн Аргай

Сошиалд хуваалцах уу?

Алтан Мөнгөн Аргай Монгол ардын харгис үлгэр

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Өвгөнийг найман зуун адуутай, найр алаг хүлэг морьтой найман настай Чагаа хүүтэй Намтай мэргэн гэдэг юм санжээ. Найман настай Чагаа хүү нь алтан мөнгөн хоёр аргайгаар тоглодог юм санжээ.

Өвгөн нэг өглөө найман зуун адуугаа наашлуулах гэж арын уулаар ан гөрөө хайж, өврийн уулаар адуу малаа хайж явтал гэрийн чинээ гэдэстэй, тогоон чинээ толгойтой том хар мангас эмгэн тосож ирээд «Насан болсон амиа өгөх үү? Найман зуун адуугаа өгөх үү? найман настай хүүгээ өгөх үү? гэж аймшигтайгаар асууж, аван идэн завджээ.

Намтай мэргэн өвгөн айгаад «Насан болсон намайгаа өршөөж хайрла. Найман зуун адууг минь үлдээж хайрла! Найман настай хүүгээ өгье. Эжий нь нүдэн дээр ил өгч чадахгүй, манайх нүүвэл ч гурван жилийн газар нүүдэг, суувал ч гурван жил суудаг айл. Одоо алс хол нүүгээд явъя. Алтан мөнгөн аргайг нь бууц дээрээ хаяад нүүе» Түүнийгээ авахаар ирэхэд нь та хүүг минь ав даа» гэж гэнэ. Мангас «За» гээд яваад өгчээ.

Өвгөн гэртээ хариад «Өвс ногоо муудлаа, өнтэй зунтай газар нүүнэ» гэж нүүгээд явжээ. Шинэ нутагт сэлгэж нүүгээд ширэг зүлгэн дээр гэрээ барьж байтал найман настай хүү нь: «Аав аа! аав аа! Алтан мөнгөн аргай минь хаана байна?» гэсэнд аав нь: «Ай мэдэхгүй, ээжээсээ асуу даа» гэжээ. Ээжээсээ асуутал «Ай мэдэхгүй, ааваасаа л асуу даа» гэжээ. «Аав аа! аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?» гэсэнд аав нь: «Ай мэдэхгүй, бууц дээрээ хаягдаа биз» гэжээ.

— Аав аа, аав аа. Би алтан мөнгөн аргайндаа яваад ирье! гэтэл аав нь: «Тэг дээ!» гэжээ.

– «Аав аа, аав аа! Ямар мориороо явах вэ?» гэсэнд

  • «Адууныхаа сүүлд явдаг хамуутай хар даагаараа яв даа» гэжээ.
  • «Ээж ээ, ээж ээ! Ямар мориороо явах вэ» гэсэнд ээж нь:
  • «Найман зуун адууныхаа түрүүнд явдаг найман хөлтэй найр алаг мориороо яв даа гэжээ. Тэгээд найр алаг мориороо явах болов.
  • «Аав аа! аав аа! Би ямар хониороо хүнс хийх вэ?» гэсэнд аав нь: «Хониныхоо сүүлд явдаг хатайртай хар төлгөөрөө хүнс хий» гэв.
  • «Ээжээ ээжээ! Ямар хониороо хүнс хийж явах вэ?» гэсэнд ээж нь: «Түмэн хонины түрүүнд явдаг түнтгэр (богтсон) бор иргээрээ хүнс хий дээ» гэжээ. Хүү түнтгэр бор иргээрээ хүнс хийгээд явах болжээ.

Тэгээд найман хөлтэй найр алаг морио унаад хуучин нутаг бууц дээрээ давхиж ирсэнд алтан мөнгөн аргайг нь мангас эмгэн олсон болж, наадаж суулаа. Найман настай Чагаа хүү дэргэд нь очоод мориноосоо буулгүй: «Эмээ эмээ: Ээжээс минь ялгаа юу байх вэ! Алтан мөнгөн хоёр аргайг минь аваад өгөөч!» гэж гуйжээ. Эмгэн: «Эмээ нь босвол сууж чаддаггүй, суувал босож чаддаггүй хөгшин шүү. Хүү минь буугаад ав!» гэжээ. Гэтэл найман хөлтэй Найр алга морь нь шивнэв: «Би хотойхын сайнаар хотойё. Чи шүүрэхийн сайнаар шүүр!» гэжээ.

Тэгээд Найр алаг морь хотойхын сайнаар хотойж, найман настай Чагаа хүү шүүрэхийн сайнаар шүүрээд алтан мөнгөн шагайгаа аваад эргээд зугтаажээ.

Тэгэхлээр мангас эмгэн босон харайгаад хойноос нь хөөжээ. Хөөсөөр хөөсөөр гүйцэж очоод тэр морины нэг хөлийг нь төмөр (шилбүүрээрээ) хянгараараа тас ширвэв. Найман хөлтэй найр алаг морь долоон хөлөөрөө доголон доголон давхиж явлаа. Нэг даваа даваад мангас эмгэн бас л гүйцэн очиж тэр морины нэг хөлийг төмөр хянгараараа тас ширвэв.

Тэгсээр тэгсээр найман даваа давахад найр алаг морины найман хөлийг нь цөмийг тас цавчив аа. Тэгсэн энэ морь хөлгүй болж биеэрээ бэмбэгэнэн давхиж явлаа. Тэгээд нэг даваа даваад мангас эмгэн бас гүйцэж хянгаараа тэр морины тал биеийг тас цавчив. Тэгэхлээр нь энэ дээд морь цээжээрээ цөмцгөнөн давхиж явлаа.

Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн цээжийг нь тас цавчив. Тэгэхлээр найман хөлт найр алаг морин толгойгоороо тонтгонож давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн хянгаараа тэр морины толгойг тас цавчив. Тэр морин тэгсээр аргагүй үхжээ. Тэгэхлээр Чагаа хүү явган болж явгаар гүйж нэг талд алтан улиасанд гарлаа.

Тэгэхлээр мангас хянгараараа алтан улиасны үндсийг цавчина гэж байтал нэг үнэг ирж: «Ээж ээж, энэ улиасыг би унагая. Та нэг хэсэг унтаад аваарай!» гэж тэр үнэг хэлэв. Мангас эмгэн унтаж байлаа. Тэр цагт нь үнэг түүний нүдийг нь цавуудаж орхиод хүүг модноос буулгаж өгөв. Хүү тэр мангасыг унтаж хэвтэхэд нь цаашаа бас арилсан билээ.

Тэгээд мангас эмгэн сэрж шинэ мөрөөр нь шинжиж гүйгээд хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд очжээ. Нэг далайн захад Чагаа хүүг бас нэг «алтан улиасанд суухыг нь харав. Энэ улиасыг бас цавчиж унагая гэтэл бас нэг үнэг ирж хэллээ: «Ээж ээж, би энэ улиасыг чинь унагая. Чи нэг хэсэг унтаад аваарай!» гэжээ. Тэгэхлээр нь «үгүй тэгж болохгүй.

Намайг нэг үнэг тэгж хэлээд нүдийг минь цавуудаж орхилоо» гэж мангас эмгэн хэлэв. Тэгэхлээр үнэг «Ухай тэр чинь болбол талын үнэг байгаа биз ээ. Би болбол тайгын цагаан үнэг байна. Манай тайгын газарт тийм үйл байхгүй» гэж үнэг хэлэв. Тэгсэн мангас эмгэн унтжээ. Тэгээд энэ тайгын үнэг түүний нүдийг цавуудаж Чагаа хүүг модноос буулгаж билээ.

Тэгээд мангас эмгэн сэрж бас шинэ мөрөөр нь шиншиж. хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явлаа. Тэр хүүг долоон даваа даваад явахад нь их далайн захад бухан бяруу явж байлаа. «Би айж зугтаж явна.

Намайг чи унуулаач» гэж Чагаа хүү тэр бухан бяруунд хэлсэнд тэр бухан бяруу энэ хүүг унуулаад цаашаа явлаа. Тэгж явтал мангас эмгэн гүйцэж ирлээ гэсэн билээ. Шадар ирж байтал бухан бяруу пар гээд баасаа хамар дээр нь орхижээ. Тэгсэн мангас эмгэн нүүрээ угаах гэж далайн захад очиж, далайн ус барагдтал угааж байлаа.

Тэгээд мангас эмгэн шинэ мөрөөр нь шиншиж, хуучин мөрөөр нь хуншиж, гүйгээд Чагаа хүүг нэхэж явтал хүү долоон даваа даваад явж байлаа. Тэгээд бас ойр шадар ирэхлээр нь бухан бяруу бас баасаараа «бурд» гэж хаясан билээ. Тэгсэн мангас эмгэн нүүрээ угаах гэж далайн ус барагдтал угааж байлаа. Тэр угааж байтал манай хүү хол арилсан болов.

Тэгээд хүү бух бяруу хоёр нэг айлын бууц хүртэл аавын нь билүүний хагархай, ээжийн самны хугархай байсныг оллоо. Ээжийн тэвнэ бас хэвтэж байлаа. Тэр гурван юмаа олж автал мангас эмгэн гүйцэж ирлээ.

Тэгэхлээр нь Чагаа хүү ээжийн самаа «Батганын толгой багтахгүй баг хар ширэнгэ бол!» гэж мангас эмгэний урд хаялаа. Тэгсэн баг хар ширэнгэ болж түн уналаа. Тэгэхлээр нь мангас эмгэн асуув. «Аа хүү минь, энэ ширэнгийн цаад талд яаж гарлаа чи!» гэж. «Нүд амаа сохолж гарлаа би» гэж Чагаа хүү хэллээ.

Тэгэхлээр нь мангас эмгэн ширэнгээр зад дайрч нүд амаа сохолж гарлаа. Тэгээд бас гүйцэж очихлоор нь хүү аавынхаа билүүний хагархайг «Элгэн улаан хад бол» гээд хаялаа. Тэр их хад болсонд эмгэн мангас асуув. «Аа багачуул минь! Энэ элгэн улаан хадыг яаж та гарлаа та?» гэж. «Гар хөлөө хугалж гарлаа би» гэж манай Чагаа хүү хэллээ. Тэгсэн мангас эмгэн гар хөлөө хугалж энэ хадыг гарлаа. Тэгээд бас гүйцэж ирлээ.

Тэгэхлээр нь «За зах хязгааргүй мөрөн далай бол» гэж манай Чагаа хүү тэвнээ орхин хэллээ. Тэгэхлээр хүн гарахгүй мөрөн далай болж, тэр тэвнэ. «Энэ далай мөрнөөр та багачуул яаж гарлаа?» гэж мангас эмгэн асуулаа. «Үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад холбис холбис гэж гарлаа би» гэж Чагаа хүү хэллээ. Тэгэхлээр нь мангас эмгэн үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад далай дотор орж далайн ёроолд живж үхсэн боллоо.

Тэгээд Чагаа хүү энэ бухан бяруугаа унаад долоон даваа даваад хээрийн өвс түүнд өгч идээлж галаа түлж хоносон билээ. Маргааш өглөө улаан нарнаар босож яваад үдшийн улаан нарнаар нэг сайн сайхан хээрт ирж хонох боллоо. Тэгээд бух бяруу хэллээ: «За Чагаа хүү минь, чи намайг алаад дөрвөн хөлийг минь дөрвөн тийш залаад зүрхийг минь өвөртлөөд унтаарай» гэж.

Тэгэхлээр нь хүү «Ийм ачтай эвийгээ би яаж ална?» гэж хэллээ. «Чи намайг алахгүй бол миний толгойд ширх эр! Загатнаад байна» гэж бухан бяруу хэлэв. Тэгээд толгойд нь ширх эрж суухлаар нэг их улаан ширх явжээ. «Улаан ширх явна. Үүнийг ална уу? гэж хүү асуув. «Алж орхи л» гэж бухан бяруу хэлжээ. Энэ ширхийг алахаар бухан бяруу үхсэн билээ.

Тэгсэн Чагаа хүү уйлж байгаад дөрвөн хөлийг нь дөрвөн тийш залаад толгойг нь урд зүг залаад зүрхийг нь өвөртлөөд унтлаа. Хойд өглөө босоход нь олон мал өтгөрч, сайн гэртэй, сайхан авгайтай болсон байлаа. Тэгээд Чагаа хүү алтан мөнгөн аргайгаа аваад аз жаргалаа олоод эргэж ирэхэд аав нь адуундаа явчихсан, ээж нь энгэрээ нэвт уйлчихсан байжээ.

Ээж нь хүүгээ үзэж уйлан хайлан угтаад: «Ээж нь хонь алахаараа үнхэлцгийг нь хүүдээ тавьдаг юм. Тэгэхлээр эцэг чинь намайг «Юуны чинь хүү» гээд зоддог юм. Өнөө бас хонь гаргана. Аавынхаа хэлэхийг миний хүү авдрынхаа ард нуугдаж байгаад дуулаарай!» гэж хэлжээ.

Удахгүй аав нь ирж хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь: «Хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавих сан!» гэтэл эцэг нь: «Юун үхсэн хатсаны чинь хүү!» гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ.

Тэгэхлээр нь хүү авдрын араасаа гарч ирээд «Үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг зүрх тавих ёстой!» гээд алтан мөнгөн шагайгаараа «Аргай аргай түг» гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ.

Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхан жаргажээ.

Төстэй нийтлэл