Чоно ээж – Монгол ардын үлгэр

Чоно ээж

Сошиалд хуваалцах уу?

Чоно ээж

Монгол ардын үлгэр

Эрт урьд цагт нэгэн алсхан нутагт зуун хорин насыг зооглосон эмгэн ганц хүүгийн хамт амьдардаг байжээ.

Хачирхалтай нь, эмгэн хэдий өндөр настай ч өвчин зовлонгүй, залуу хүн шиг хөнгөн шингэн нэгэн байж.

Хүү нь өдөр бүр хонь, малаа хариулж, ээжтэйгээ хоёул амар тайван амьдардаг байлаа. Гэвч ойр саахалтын айлуудын хоттой хонь руу нь шөнө бүр чоно дайрдаг боловч тэдний хонь, мал руу огт чоно дайрдаггүй байж гэнэ.

Гэтэл нэгэн шөнө…

Хүү хоттой хонь руу нь чоно дайрч байна гэж зүүдлэн, гэнэт нойрноосоо сэржээ.

Гэтэл гэр дотор галын бүдэгхэн гэрэл сүүмэлзэж, ээж нь галын дэргэд ганцаараа цааш харан ямар нэг зүйл идээд сууж байв.

Хүү зүйрмэглэсэн нүдээ нээн ядаж, ээжийгээ сэм ажиглатал…

Ээжийнх нь ам нь бөөн цус болчихсон хонины түүхий гуя зулгаан идэж байгаад, шүдээ чигчилж, амнаасаа түүхий махны өөдөс гарган гал руу чулуудав.

Хүүгийн нуруугаар хүйт даав.

“Манайх ойрд мал гаргаж идээгүй дээ! Гэхдээ ээж яагаад энэ орой түүхий мах идээд сууж байгаа юм бол?” гэж бодоод их л эвгүйцэв.

Маргааш нь хүү юу ч болоогүй мэт жүжиглэн ээж би хонио хариулахаар явлаа гэж хэлээд гаргаад явав.

Гэвч ээжийнх нь хачин үйлдэл түүнд бодогдсоор л байв.

Тэгээд тэр дахин ээжийгээ шалгахаар төлөвлөгөө боловсруулж, хонины бэлчээр дээрээ утаж нойроо аваад, орой нь гэртээ ирээд

“Ээж би унтлаа шүү” гэж хэлээд зориуд унтсан дүр үзүүлэн хэвтэж гэнэ.

Шөнө дунд болов.

Гэр нам гүм.

Гэтэл ээж нь аяархан босоод хүүгээ нэг өнгийн харав.

Хүү унталгүй хөнжлийнхөө завсраар ээжийгээ сэмхэн харж байв.

Эмгэн хаалгаа нээн гадагш гархад, Хүү ч араас нь чимээгүй дагав.

Ээж нь гэрээс холгүй байх үнсэн дээр очоод…

гэнэт газар хөрвөөж эхлэв.

Нэг хөрвөөлөө.

Хоёр хөрвөөлөө.

Гурав дахь удаагаа хөрвөөхөд…

Хүүгийн нүдний өмнө байсан хөгшин ээж нь том хөх чоно болон хувирав гэнэ.

Чоно шөнийн харанхуй тал нутаг руу харайн орж, удалгүй үзэгдэхээ болив.

Хүү айсандаа хөдөлж ч чадсангүй.

“Ээж минь… чоно байсан гэж үү?” хэмээн бодоод ээжийгээ иргэж иртэл унтсангүй хүлээв.

Үүр цайхын алдад өнөөх том хөх чоно алсаас давхин ирлээ.

Тэгээд мөнөөх үнсэн дээрээ хөрвөөхөд, дахин өнөөх зуун хорин настай хөгшин ээж нь болж хувирав.Тэгээд юу ч болоогүй мэт гэртээ орж ирээд унтжээ.

Өглөө нь ээж:

— Хүү минь, босоорой. Хониндоо явахгүй юм уу? гэв.

Хүү юу ч мэдээгүй мэт “За ээжээ” гэж хэлээд босоод морио унаад явав.

Гэвч одоо бүх зүйл түүнд тодорхой болжээ.

Яагаад тэдний малыг чоно хэзээ ч барьдаггүй атлаа хөрш айлуудын хонь мал шөнө болгон алга болдог байсны учрыг тэр ойлгов.

Хүү шууд лам багш дээр очоод:

— Багш аа… миний ээж хүн биш бололтой. Шөнө болохоор чоно болж, айлуудын малыг барьж иддэг юм байна. Би одоо яах вэ? Гэхэд.

Лам хэсэг чимээгүй сууснаа:

— Ээждээ зориулж ном хуруул. Отчийн авшгийг гурван удаа хүртээ. Тэгвэл учир нь тайлагдана гэжээ.

Хүү багшийнхаа хэлснээр лам нарыг гэртээ залав.

Ном хурж эхэллээ.

Эхний авшгийг хүртээхэд хөгшин ээж нь:

— Толгой минь тэсэхийн аргагүй өвдөж байна! гэж хашхирчээ.

Хоёр дахь авшгийг хүртээхэд бие нь улам муудав.

Харин гурав дахь авшгийг хүртээх мөчид…

эмгэн газар унан, дахин босож ирсэнгүй.

Ийнхүү олон жилийн турш хүний дүрээр амьдарч, шөнө бүр чоно болон хувирдаг эмгэний нууц төгссөн гэдэг.

Харин тэр цагаас хойш нутгийнхны хонь мал шөнөөр учир битүүлгээр алга болохоо бүрмөсөн больжээ.

Гэвч хүмүүс өнөөг хүртэл нэгэн зүйлийг ярьдаг гэнэ.

Харанхуй шөнө тал нутгаар ганцаараа явахдаа үнсэн дээр хөрвөж буй хөгшин эмэгтэй харвал, хэзээ ч араас нь бүү дагаарай гэж.


Санал болгох үлгэрүүд

7 Хожгор 1 Можгор (Монгол ардын үлгэр)

Болдоггүй бор өвгөн (Монгол ардын үлгэр)

Алтан мөнгөн аргай (Монгол ардын үлгэр)


Төстэй нийтлэл

Дээрх үлгэрүүдийг уншихыг хүсвэл доорх холбоосоор орж уншаарай:

Төстэй нийтлэл