Ах дүү хоёр
Унших хугацаа: 6 minutes
Ах дүү хоёр
Урьд хоёр хүүтэй эмгэн өвгөн хоёр байжээ. Эмгэн нь үхэж өвгөн хоёр хүүтэйгээ үлдэж гэнэ. Гурвуулаа идэж, ууж, наадахаас өөр юм мэддэггүй байж. Тэгсээр байтал мал нь дуусаж, ганц эр үхэр үлджээ. Өвгөн: «Ганц үхрээ авчраад цохичих» гэж хоёр хүүдээ хэлэв. Хоёр хүү нь эцгийн хэлсэн ёсоор гүйцэтгэжээ. «Ширийг нь зүсэж ганц аргамж хий гэж хоёр хүүдээ хэлжээ.
Тэгээд нэг сайн суртай болж аваад дэрэн дороо хийчхэж. Үхрийн мах дуусахын үед өвгөн асууж гэнэ. «Хоол юу болж байна» гэж. Хоёр хүү «Бүхэл идвэл ганц идэх, хөшиглөж идвэл хоёр гурав идэх мах бий» гэж. Өвгөн: «Би одоо ингээд үхнэ. Энэ сураар баглаарай, энүүгээр хучаарай. Нэг нь намайг үүрээд, нэг нь хоол ундаа үүрээд гэр орноо орхиод зүүн хойд зүгийг зүглээрэй.
Энэ сурыг тасарсан газар намайг нутаглуулаарай» гэжээ. Хоёр хүү эцгийн шарилыг үүрээд явж. Олон хоног, сар жил явжээ. Сур тасардаггүй, хоёр дээлийн мөр тохой тасарч. Их ядарч гэнэ. Нэг өдөр ах нь «За дүү минь. Аавыг энд тавья. Бид хоёрын мах гүйцэхгүй боллоо» гэжээ, Дүү: «Үгүй Чи бид хоёрын хэтийн замыг аав захисан. Сур тасарсан газар нь л тавина» гэжээ.
Ах: «Дуртай юм бол чи яв. Би буцлаа гэж гэнэ. Дүү нь «Тэг, тэг» гээд салжээ. Дүү нь идэх уух юмгүй явсаар нэг их жимс устай ууланд хүрч хэд хоног амарчээ. Аавыгаа зоон дээрээ тээж, шөнөд нь унтдаг байж. Хүү зүүн хойшоо явсаар уулын тэхий дунд нэг хаданд хүрэхэд сур нь тасарч, аавыгаа тэнд тавьжээ.
Аавыгаа ийнхүү нутаглуулаад гансарч гуньж явахад нь зүүн зүгт нэг том гэрэл харагджээ. Тэр зүгт шаваг тавиад л гөрөөлөөд явж. Тэгсээр үүр цайлгаж, нар гаргажээ. Шавгын зүүн талд нь том хар нүх үзэгдэхэд тэр нүх руу оржээ. Ороод явж байтал гэрэл үзэгдэж гэнэ. Очвол хоёр зөрсөн алтан арслан байж. Түүнийг аваад өвөртөлсөнд пад харанхуй болжээ.
Дахиад өврөөсөө гаргаж бариад гэрэлд нь нүхнээсээ гарч гэнэ. Хүү уулын оройд гарахад зүүн хойно нэг их том хот үзэгджээ. Тийш очсонд нэг том хааных бололтой айл харагдаж гэнэ. Тэднийд очжээ. Хаан хатан зарц нартайгаа байж. Хаан: «Дээш суу, цай ууж, юм ид гэж их хүндэлжээ. Хаан, хүүг ажиглаж байгаад «Миний хүү болно уу?» гэж гэнэ. Хүү «За» гэжээ.
Хаан хатан хоёр их баярлаж, хүүд гоё хувцас өмсгөжээ. Хүүг гоё том цагаан гэрт оруулж гэнэ. Тэнд нэг сайхан үе насны нь хүүхэн байжээ. Хүү охин хоёр тоглохоос өөр юм мэдэхгүй л жаргаж суудаг байжээ. Хүү нэг өдөр: «Үгүй би ингэж баян болох уу? Ер нь ажил хийх нь дээр юм байна» гэж бодож гэнэ. Тэгээд «Аав аа, би тугалаа хариулъя» гэж хаанд хэлж.
Хаан: «Маргааш морийг чинь авчруулъя. Морио ирэхээр мордвол мордоорой» гэж гэнэ. Маргааш нь хүү бүх тугалаа туугаад, аавыгаа оршуулсан газар хүрч. Яс үс нь алга гэнэ. Хүү арслангаа гаргаж ирээд: «За миний аав над амьд чандмань гэгчийг л олголоо.
Би одоо ид шидийг нь үзье» гээд элдвийг бодож. Бодсон бодол ердөө бүтэхгүй байж. Аргаа барагдахаар шилбүүрдээд «Алтаар баа алтан арслан» гэж гэнэ. Тэгсэн алтаар бааж зөндөө жижиг алттай болж. Хормой хормой алтыг тугалын баасаар шаваад л алтан шаваг тавьж гарч.
Тэр уулын зүүн урд талыг шавгаар дүүргэчхээд байтал хааны баруун гарын түшмэл тэрүүгээр өнгөрч ирээд хаандаа хэлжээ. Энэ хүү их ажилтай хүү юм. Тэр олон тугалын баасыг цөмийг нь хураачхаж гэжээ. Хаан хатан хоёр их баярлаж, — Хүүд газар тогтоож өгнө гэж олныг цуглуулж «Энэ уул руу миний хүү л явна.
Тийш өөр хэн ч зүглэж болохгүй. Зүглэсний толгойг авна» гэж их цааз гаргаж, хүү ч их газартай болжээ. Зүүн талын уулыг хүү шавгаар дүүргэж дуусаж байж.
Тэгтэл хааныд зүүн урд талыг эзлэн төрсөн Зүүдэй мэргэн хаан гэгч охины нь гуйхаар ирж. Хаан их сандарч, хүргэнтэй болсон ч гэж хэлж чадахгүй л байж. Арга ядрахдаа охиноос минь өөрөөс нь асуу гэжээ. Асуутал охин «үгүй» гэжээ. Зүүдэй мэргэн хаан уурлаж: «Зүүн хойд хоёр холбоо уулын чинь хоорондох гол хөндий аманд алт асгаж байгаад чамайг авна» гэж.
Охин «Тэг ээ» гэж хэлээд явуулчхаж. Зүүдэй алт асгах гэж баахан хөсөг зэхээд ард иргэдийнхээ гялгар цалгар бүх л юмыг хурааж аваад иржээ. Хаан хүргэнээ дагуулаад угтаж очиж: «Аль зэрэг юм ирээ вэ? гэсэнд «Алт маань энэ ээ» гэж харуулжээ.
Асгасан алт нь өвсийг нь ч далдалж чадсангүй. Хүргэн хүү хэлж: «Аав аа, над хүн, хөсөг хэрэгтэй. Би энэ хөндийг алтаар дүүргээд, хойд хоёр уулыг холбоно» гээд Зүүдэй мэргэн хаанд «Хэрэгтэй бол үүнийг аваад буц! гэж сайрхжээ.
Тэгээд хүү олон шаваг алтаа зөөлгөж гарчээ. Хүү өөрөө ирж уулын оройд бариулж арслангаа баалгаад алтыг нь хадны руу асгаад байж. Хөндий ч алтаар дүүрч, хоёр уул холбогдож.
Хааныхан олон цагдаа манаа гаргаж алтыг харуулжээ. Хүү: «Манай гүрэнд ядар тачир улс хэр олон бэ?» гэжээ. «Байлгүй яах вэ» гэж. «Тэгвэл баруун гарын түшмэлээр нэрийг нь бичүүлж над ирүүл» гэж гэнэ.
Өвгөн хаан нас өндөр тул алтан тамгаа хүргэндээ өгч ширээндээ суулгажээ. Түшмэл ядуусын нэрийг хаан хүүд өгч. Хүү тэр ядуу улсад алт түгээж гэнэ. Тэгээд цөм баяжиж гэнэ. Тэр баяжсан улс хурал хийж «Өглөгч мэргэн хаан» гэж хаанаа нэрлэжээ. Хүүгийн ах их ядарч явж. Ах нь «Өглөгч мэргэн хааны тухай сураг сонсоод юм гуйхаар тийшээ явж гэнэ.
Явж, явж, нэг их баян айлд хүрсэн нь өглөгч мэргэн хааны хамгийн баруун урд захын нэг айл байлаа. «Хааных хол. Та амарч унтаад яв. Бид унаа унаш өгье» гэжээ. Хоёр сайхан морь өгч гэнэ. Нэг морь нь яндаж, нэг морийг нь унаж явсаар арай гэж нэг хааныд хүрчээ.
Өвгөн хааныд эхлээд орж. Өвгөн асууж: «Чи хаа хүрч яваа вэ?» гэж. «Би өглөгч мэргэн хаантай уулзах гэж ирлээ. Хишиг буян гуйх гэж явна» гэжээ. Өвгөн: «Тэр чинь миний хүү. Би хэлчихье. Чи энэ зүүн уулын алтнаас аваад буц. Унаа унашаар хэр вэ?» гэсэнд «Тааруу л» гаж. Өвгөн, хоёр эмээлтэй морь, нэг богц өгчээ. Хүү алтнаас авах гэсэн ер автагдахгүй байж.
Буцаж өвгөнийд ирээд «Автагдахгүй байна. Би хаантай уулзах уу?» гэсэн өвгөн «Би хэлээд ирье» гээд хаан хүүд очиж хэлж. Хаан хүү «Түүнийг оруул» гэж гэнэ. Ороод очсон чинь дүү нь таньж, ах нь таньсангүй. Дүү нь: «Та намайг таньж байна уу? Би дүү чинь шүү дээ. Бид хоёулаа энд ирсэн бол та хаан суух байжээ. Энэ алт бол миний ч алт биш.
Аавын минь алт аа. Би энэ уулын баруун энгэрт аавыг тавьсан. Тэнд очиж уйлж дуудаж байгаад ирж алтнаас ав» гээд бүрэн хувцас эмээл хазаартай морь өгчээ.
Яваад аавыгаа ч олсон юмгүй алт руу нь орж. Алт автагдаж гэнэ. Өвөр, богц дүүрэн алт авчээ. Тэр орон нутагт зарах гэсэн алт авах хүн ч олдсонгүй. Уул нутагтаа буцжээ.
Яв явсаар морьдоосоо ч орхиж, алтнаасаа ч орхисоор өвөр алт, ганц унаатай л нутагтаа иржээ. Алтаа зарж, хэдэн малтай болж. Үгүй бол чоно идчихээд, үгүй бол салхи сөрж алга болчхоод, ер малтай байж болохгүй байж. Дөнгөж нэг мөр бүтэн, гэдэс дүүрэн насыг баржээ. Дүү нь хотол олондоо энэрэлтэй Өглөгч мэргэн хаан болж амар сайхандаа жаргажээ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.