gunan baatar

Гунан баатар

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 10 minutes

Гунан баатар

Эртийн эрт цагт энэ дэлхийн нэгтээ нэгэн хаант улсад ядуу малчин өвгөн эхнэрийнхээ хамт аж төрөн суудаг байжээ.
Гэтэл тэднийд нэг хүү төрж ядуу буурай тэр хоёр бөөн баяр баясгалан болжээ.
Тэр хоёр, хүүдээ ямар нэр өгөхийг хэлцэн зөвшиж Гунан гэж нэр өгчээ. Гунан хүү сар, жилээр биш, өдөр хоногоор өсөж торнижээ.


Нэг өдөр өнгөрөхөд нэхийд багтахаа байжээ. Хоёр хоног өнгөртөл хоёр нэхийд багтахгүй болж, гурван өдөр өнгөртөл гурван нэхийд багтахгүй болж гэнэ.
Тиймээс төдий л их удалгүй Гунан хүүг нутаг усныхан нь Гунан баатар гэж нэрлэх болжээ. Даан ч хурдан өссөн энэ хүүдээ аав нь даахит нэгэн даагыг 《Хүлэг болгон унаарай!》 гэж бэлэглэж гэнэ.


Хүү эмээл хазаар төхөөрч, нум сум бэлдэж алтай хангай нутгаа арлан өвөрлөн бэдэрч, ан гөрөө, ав шувуу агнах болжээ.
Гунан баатар хүү ан гөрөөнд яваад ганзага хоосон ирж байсангүй. Малгай хийх үнэг, махыг нь идэх гахай, дах хийх чонын арьснаас эхлээд дааж ядсан олз омогтой буцаж ирдэг байжээ.


Нэг өдөр Гунан хүүгийн төрөлх нутгаар тэр улсын хаан явж байгаад Гунан баатрын тухай олны шагшин ярихыг сонсож:
Харц ядуусын нусгай хүү хамаг баатрын минь нэрийг унагаах нь гэж бодоод Гунан баатрыг хорлож хөнөөхийг санаархаж түүнийг дуудаж аваачжээ. Тэгээд:
Манай гүрэнд чамаас давуу зүрх зоригтой эрийг би сонсоогүй.

Чиний дааганаас илүү хурдан хүлгийг бас дуулсангүй. Тэгэхээр чи улаан наран, ургаж мандах өмнө зүгрүү явж, тэр зүгт байгаа аюулт дайсан арван таван толгойт атигар хар мангасыг авчирч над өг! гэж айлджээ.


Тэгэхэд Гунан баатар авчрахыг ч яахав авчирч болох юм. Авчирсан хойно аргалж тогтоохоо та бодно биздээ! гэж хэлээд хамуутай хар даагаа хазаарлан байж эмээллээд адуучин аавын наян алд тохой урт уургыг нахилзууланхан бариад өнгөт улаан нар өөдлөн мандах өмнө зүгийг зүглэнхэн жилийн газрыг сараар товчилж, сарын газрыг өдрөөр товчилж, өндөр өндөр уулсыг давж, өргөн өргөн голыг гаталж, алсын алс нутагт аялан явж гэнэ.


Гэтэл хар даага нь гэв гэнэт урт замынхаа хугас дунд шаасан гадас мэт хөдлөлгүй яг зогсож гэнэ. Гунан баатар тэгэхээр нь:
– Хайрт хүлэг минь яагаад зогсов? Харайж хурдлахаа юунд болив? гэж асуужээ. Тэгтэл:
-Дээд тэнгэрээс газартай үргэлжилсэн тэр хар юмыг харж байна уу? гэж хайрт морь нь хариу янцгааж гэнэ

.
– Үзэж байна, үзэж байна. Өндрийн өндөр уул байх шив дээ! гэж Гунан баатар хариулжээ.
– Ухаант эзэн минь учрыг тунгаа! Уул нуруу тэр биш шүү! Арван таван толгойтой атгаалжин хар мангас алдарт хар морио унаад явж байгаа нь тэр! гэж хэлж гэнэ. Гунан баатар энэ үгийг сонсоод:
– Одоохон түүнийг хөөж гүйц! гэж хэлээд мөрөндөө агссан нум, сумаа шүүрэн авч гэнэ.


Хамуутай хар даага нь тэгтэл:
– Хамаагүй тэгж болохгүй. Хааш яаш хандвал, хальж эндэж ч мэднэ. Тэр мангасыг морио унаад байхад хэн ч дийлж чадахгүй. Тиймээс наян алд уургаа зэхэж, түүний мориноосоо буухыг хүлээх нь зүйтэй гэж морь нь хэлж гэнэ.


Гунан баатар хайрт хүлгийнхээ хэлсэн ёсоор бууж, өндөр модонд авирч гараад цаашид юу болохыг хүлээн суув. Гэтэл хар даага нь талаар усан тэлмэн жороолж гэнэ. Өргөн хөндийд үнэхээр гайхаж жороолж гэнэ.


Мангас түүнийг хармагц барьж унахаар шохоорхож морио гуядсан нь морь нь нэг харайхдаа гурван өдрийн тэртээ харайж хар дааганы хажууд ирэхэд хар даага эзнийхээ нуугдсан модны дэргэд ирээд хурган зогсож гэнэ.


Гэтэл мангас мориноосоо үсрэн бууж хар даагыг оосорлон авах гэхэд нь Гунан баатар наян алд уургаа нахилзуулан даялуулж мангасыг уургалан аваад нуугдсан модноосоо үсрэн бууж мориндоо мордоод уургалан авсан мангасаа чирч хуурай талаар хуй салхинаас илүүгээр хурдалсаар орон нутагтаа дөхөж ирэхэд түүний ирж байгаа сүрт чимээгээр үхэр тугал мөөрөлдөж, хонь ямаа майлалдаж, унага даага унгалдаж, ботго тором буйлалдан уул нуруу нүжгэнэж, их дуу чимээ үүсэв гэнэ.


Хаан энэ дуу чимээнээс аягүйцэн чичирч гэнэ.
Тэгэхэд түүний бараа бологч:
– Яагаад ийм их сүрт дуу чимээ үүсэж байгааг та мэдэж байна уу? гэжээ. Тэгэхэд хаан:
– Уул нурууд хүртэл учир начиргүй ганхаад газар хөдөлж байх шиг байна гэжээ.
– Үгүй ээ эзэн хаантан минь! Газар хөдөлж байгаа юм биш, арван таван толгойтой атгаалжин хар мангас өөрийн чинь өргөө рүү ойртон ирж байна гэж хагас дутуу хэлтэл Гунан баатар хааны өргөөний үүдэнд мангасыг чирч ирж гэнэ.

Хаан түүнийг хармагцаа айн сандарч
– Ахиад яалаа ч гарахгүй ангал гүн нүхэнд хая! гэж Гунан баатарт гурав мөргөн гуйж гэнэ.
Гунан баатар хааны гуйсан ёсоор арван таван толгойтой атгаалжин хар мангасыг гурван зуун алд нүхэнд хаяжээ.


Айн сандарсан хаан мангасыг дарсанд ихэд баярлаж:
– Миний хаан гүрэнд чам шиг эрэлхэг баатар даан ч алга! Харин чи манайд бай! Чамайг нэг ноёноо болгож сүрэг сүргээрээ адуу, үхэр, бэлчээр бэлчээрээр хонь, ямаа өгч, энхрий ганц охиноо эхнэр болгож өгье! гэжээ.

Гэтэл Гунан баатар, хаанд:
– Хааны өргөө сайхан боловч төрсөн овоохой түүнээс ч илүү. Эд хөрөнгөөр элбэг дэлбэг ч эрх дураараа бол түүнээс илүү гэж хэлээд хамуутай хар даагаа унаад төрөлх гэр, төрүүлж өсгөсөн аав ээждээ очиж гэнэ.


Гунан баатрыг гэртээ гурав хоноод байж байтал хааны элч давхин ирж:
– Хаан чамайг яаралтай дуудуулж байна. Одоо бидэнтэй хамт яв! гэж тушаажээ.
Гунан баатар хар даагаа эмээллэж унаад хаанд очиж гэнэ. Хаан түүнд:
– Чамаас зориг самбаатай баатар, дааганаас чинь чадалтай хүлэг манай гүрэнд төрөөгүй байна.

Агуу хүчирхэг Ирвэс хааны эрдэнэ адил энхрий, сар мэт туяатай, нар мэт гэрэлтэй Сарангоо охиныг авчирч хатан болгож аль!
Хэрэв чамайг түүнийг авчирч өгвөл хаан ширээндээ суулгана. Эс авчирвал зуун галзуу нохойны зууш болгож шиднэ! гэжээ.

Гунан баатар энэ үгийг сонсоод эргэж гэртээ хариад ээж, аав хоёртойгоо салах ёс гүйцэтгээд алс холын аян замдаа гарах болжээ.
Гэтэл түүний эцэг өвгөн малчин:
– Замд чинь гаталж гаршгүй хорон мөрөн хөөсрөн урсаж байна. Тэр хорон мөрнийг, хүн ч гэсэн туулан гаталж гарж чаддаггүй юм.

Түүний ганц дусал нь тусвал доороо хордож үхдэг юм. Бас хорон мөрний цаана час улаан галан далай цалиглаж байдаг. Тэр улаан галан далайгаас үсэрсэн ганц ширхэг оч хүрсэн юмаа түймэрдэн шатаадаг юм. Иймээс хүү минь ирвэсний хаанд хүрч чадахгүй биз! гэж гэнэ.
Гунан баатар эзэн хааны зарлигийг биелүүлэх нь зайлшгүй гээд даан ч айсангүй.

Тэгээд өчүүхэн хар даагаа унан өдрийн газрыг цагаар сарын газрыг өдрөөр, жилийн газрыг сараар товчлон Ирвэс хааных руу явжээ. Гэтэл нэг өдөр гэнэт хорон мөрний барааг харжээ. Гунан баатар мөрний усанд голын захын бургаснаас тастаж хаяхад доороо л хордон шарлаж гэнэ.
– Аав чинь, энэ голыг гаталж болохгүй! гэж чамд захисан шүүдээ! гэж хар даага нь хэлж гэнэ.

Энэ үгийг сонсоод гунан баатар ихэд гунин гутарч гэнэ. Гэтэл хар даага нь
– Эрэлхэг баатар хайрт эзэн минь гуньж гутрахын хэрэггүй. Би өөрийнхөө том ахыг дуудаж туслахыг гуйя! Тэр бид хоёрт туслана гэжээ. Гунан баатар:
Чиний ах чинь хэн юм бэ? гэж асуулаа.

Тэгэхэд хар даага нь:
– Бусдад хэлдэггүй нууцаа ээлт эзэн тандаа би хэлье. Миний том ах бол талын их салхи байгаа юм гэж хэлээд зүүн зүг эргэн хараад зуун удаа янцгааж гэнэ. Гэтэл гэнэт их хуй салхи үүсээд нүд ирмэхийн зуургүй хорон далайг агаарт хөөргөхөд Гунан баатар ч даагатайгаа голын тэртээ гарч гэнэ.


Гунан баатар хайрт хүлгийнхээ хошуу амыг нь илж таалаад цаашлах замдаа орж, жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчлон явсаар хэдэн ч жилийн дараа юм бэ, час улаан далайн эрэгт иржээ.
Гунан баатар мөн л бургас тастан авч шидэж туршин үзвэл нөгөө бургас нь агшин зуур дүрэлзэн шатжээ.


Гэтэл хар даага нь:
– Эцэг чинь энэ далайг гаталж гарч амжихгүй байх! гэж захисан шүү дээ!
гэж хэлбэл мөн л гутаж гуниглаж гэнэ.
Гэтэл хар даага нь мөн л зүүн зүг харж түрүүчийнхээс улам чангаар зуун удаа янцгаав. Тэгсэн чинь тэртээ тэнгэрийн хаяанаас бөөн бөөн үүл гаран улам томорсоор ойртон ирэхэд нь хар даага нь
– Энэ миний бага ах шүү дээ! гэж хэлжээ.


Хар үүл төдхөн зуурт галаар цалгилах улаан далайг нөмрөн хучиж гэнэ.Энэ агшинд хүчит салхи ах нь Гунан баатрыг морьтой нь агаарт хөөргөн өргөж, галан далайн тэртээ эрэгт гаргаж гэнэ.
Ингээд гунан баатар хорон мөрөн, галан далай хоёрыг амар мэнд гатлан цааш явсаар байгаад нэг өглөө Ирвэс хааны нутагт ирж гэр мал багширч, үй түмэн хүн үймэрч байгааг харж гэнэ.

Тэгээд Гунан баатар:
Энэ юун баяр наадам болж байгаа юм бэ? гэж анх эхлээд уулзсан нэг хүнээс асуужээ. Тэгэхэд тэр хүн;
– Урьд өмнө хийгээгүй тийм том наадам болж байгаа юм. Манай хааны охиныг хэн нь эхнэрээ болгох хувь тавилангаа сорьж ах дүү хоёр баатар тэмцэлдэх гэж байгаа юм гэж хариулжээ. Тэгээд энэ наадамд хэн түрүүлсэн нь хааны охиныг авах юм гэнэ! гэжээ.


Гунан баатар энэ үгийг сонсоод шууд хааны өргөөнд явж оржээ. Ирвэс хаан Гунан баатрыг хараад ер тоолгүй:
– Эзэн хааны ордонд шууд орж ирдэг яасан задарсан толгой вэ! Ямар хэргээр явна? гэж ихэмсэг нь аргагүй асуужээ.


– Танай наадамд өөрийн биеэр баатруудтай чинь хүчээ сорилцъё гэж хүрч ирлээ гэвэл хаан ихэд гайхаж:
– Чи муу нусгай банди манай баатруудтай хүчээ сорилцоно гэнээ! гэж тохуурхан инээж, За яахав эр хүн байна. Наадамд орвол ор л доо! гэжээ.


Тэмцээн эхлэх болж. Эхлээд нум, сум харвахаар тохирч гэнэ. Тэгээд сарын тэртээ хол газар модны хожуул дээр зүү хатгаад зүүний сүвэгчээр сүвлэж харвахаар хэлэлцжээ. Хааны бага мэргэн харваач гэгдсэн дүү нь эхлээд харвах болжээ. Нумаа хоёр өдөр татаж онилоод гурав дахь өдөр улаан наран урган мандах үеэр сумаа тавьж гэнэ.

Сум нь онилсон зүүний сүвэгчнээс нэг хуруу наана яг хожуулын дэргэд унаж гэнэ. Бага мэргэн харваач амаа барин гашуудахдаа нумаа нуга даран хугалж гэнэ.
Дараа нь хааны их мэргэн харваач гэгдсэн ах нь харвах болж, дөрвөн өдөр ургахын улаан наран ургаж мандах үеэр сумаа тавьжээ. Гэтэл хожуулын цаад ёроолд сум нь унажээ. Их мэргэн харваач амаа барин гашуудахдаа нумаа нуга даран хугалжээ.

Дараа нь Гунан баатрын харвах ээлж болжээ. Гунан баатар аавынхаа нумыг долоон өдөр татаж наймдахь өдрийн өглөө мөн л ургахын улаан нарнаар сумаа тавьж гэнэ. Гунан баатрын сум зүүний сүвэгчээр сүвлэж гараад цаана нь байсан сүмбэр уулыг нүхлээд, сүн далайн тэртээ байсан ялаа батгана хоёрыг яг ташраар нь намнаж гэнэ.


Тэгэхэд Гунан баатар хаан дээр очиж:
– Нэг дэхь наадам минийх болов уу? гэж асуужээ. Хаан зөв харж инээж, буруу харж уйлаад:
– Болохчоон боллоо! гэж аргагүйн эрхэнд хариулжээ.
Дараагийн тэмцээн эхлэх болжээ. Энэ нь хүч солилцох барилдаан байжээ. Хааны ах дүү хоёр бөх гурван өдөр шөнө хүч тэнцэн өндөр уулыг тал болтол, өргөн талыг там болтол ноцолдож хааны их бөх арай гэж давжээ.

Тэгээд тэр бөх
– Надаас их хүчтэн даанч алга! Над охиноо одоо өг! гэж хаан дээр очиж гэнэ.
Гэтэл Гунан баатар түүн дээр очиж одоо тантай миний барилдах ээлж! гэж шалж байж барилджээ. Гунан баатрын гишгэсэн газар шажигнан цөмөрч хааны их бөх цөм гишгэгдсэн газрын нь ангалд унаж үхэхийн даваан дээр болоход түүнийг суга татан гаргаж амийг нь аварчээ.


Тэгээд хаанд очиж хоёр дахь наадам минийх болов уу? гэж асуужээ. Тэгтэл хаан зөв харж инээж буруу харж уйлаад:
– Болохчоон боллоо! гэж аргагүйн эрхэнд хариулжээ.
Ингээд гурав дахь наадам морь уралдуулах болж гэнэ. Хааны морьд харах нүднээс нь оч бутарч, хамрынх нь нүхнээс дөл бадарсан хачин сайхан хар хилэн зүсмийн морьд байж гэнэ.


Гунан баатрын хамуутай хар даагыг хүмүүс хараад шоололцон хөөрөлдөж байж гэнэ. Ирвэс хаан ч өөрийн охинтойгоо хурдан морьдын уралдаан үзэхээр очиж гэнэ.
Уралдааны газраас морьд эргэжээ. Хааны хоёр хурдан морь тасархай гарч бараагүй алга болж гэнэ. Хар даага хамгийн сүүлд давхиж байхыг хааны охин дурандан хараад эхэр татан уйлж, наадмын талбайгаас холдон өргөөндөө гүйж оржээ.

Гунан баатар хар дааганыхаа чихэнд:
– Хааны морьдыг гүйцэж түрүүлээрэй! Шувуунаас хурдан, сумнаас түргэн дүүлээрэй! гэж шивнэж гэнэ.
– Хайрт эзэн минь битгий яарч сандар! гэж даага нь хэлээд зүүн зүг эргэж гурвантаа янцгаажээ.
Гэтэл гэнэт хуй салхи үүсэж хааны хурдан морьдын өмнөөс үлээхэд давхия гэвч тамир хүч нь барагдаж, ташуурдаад, ташуурдаад гэлдрэхээс цааш гишгэхгүй болжээ.


Хар даага улам, улам хурдлан хааны морьдыг гүйцээд, бараа сураггүй орхиж түрүүлэн ирэхийг наадамчин олон үзэж бахархацгааж гэнэ.
Гунан баатар хаан дээр очиж:
– Гурав дахь наадам минийх болов уу? Одоо охиноо над өгнө биз дээ! гэвэл:

Зөв харж инээж, буруу харж уйлаад
– Харь газрын баатар чамд нэгэнт ам алдсан болохоор охиноо өгөхөөс дөө! Харин чамд алт мөнгө, хувцас хунар, гүү, үнээ, хонь ямаа юу ч өгөхгүй. Тэгэхээр чи өөр юу авч болохоо хэл! гэж гэнэ. Гунан баатар:

Алт мөнгө, аль нь ч над хэрэггүй. Харин гүү өгөхгүй бол унагыг, үнээ өгөхгүй бол тугалыг нь, хонь өгөхгүй бол хургыг нь, ямаа өгөхгүй бол ишгийг нь, тэмээ өгөхгүй бол ботгыг нь ганц охиндоо ёсыг бодож өг дөө! гэж гэнэ. Хаан түүнийг зөвшөөрчээ.


Тиймээс, Гунан баатар Ирвэс хааны охиныг хар даагандаа сундалдуулаад хааны өгсөн хурга, ишиг, унага, тугал, ботгоныхоо хойноос хааны бүх сүрэг хонь ямаа нь майлалдаж, үхэр сүрэг нь мөөрөлдөж, адуу мал нь янцгааж, тэмээн сүрэг нь буйлалдан давхиж иржээ.
Иймээс ухаант Гунан баатар хааны бүх сүргийг тууж, эцэг эх дээрээ ирж наян жилийн найр хийж, жаран жилийн жаргал үйлдээд амар сайхан жаргаж гэнэ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл