Хүн хар гөрөөс айлын охиныг булаасан нь – Монгол ардын үлгэр

Хүн хар гөрөөс айлын охиныг булаасан нь

Сошиалд хуваалцах уу?

Хүн хар гөрөөс айлын охиныг булаасан нь

Монгол ардын үлгэр

Эрт урьд цагт Монголчууд жил бүр гэр бүлээрээ Зууд мөргөл хийх заншилтай байжээ. Зам хол учир мөргөлийн замдаа цаст уулын ёроолоор дамжин, тэндээ буудаллан, морь тэмээгээ амраадаг байж гэнэ.

Нэгэн жил нэг айл гэр бүлээрээ заншил ёсоор Зууд мөргөхөөр явж байгаад мөнөөх цаст уулын ёроолд хүрч буудаллажээ.

Хэсэг амарч, цааш хөдлөх цаг болоход эцэг эх нь арван есөн настай охиноо:

— Тэмээ холджээ миний охин тэмээгээ дөхүүлээд ирээрэй гэж хэлээд уул өөд явуулжээ.

Охин өндөр уулын бэл өөд алхсаар тэмээнийхээ дэргэд очтол гэнэт цаанаас нь архирч буй араатны чимээ сонсогдов. Охин ойн тийш эргэн хартал, маш том хүн хар гөрөөс гарч ирэв.

Хүн хар гөрөөс охиныг барьж аваад уул руу авч оджээ.

Охин эргэж ирэхгүй удаад байхаар нь ээж, аавынх нь санаа зовж, охины явсан зүг өөд явж, эрэн хайж эхлэв. Уулын бэл, ой мод, хавь ойроор хэчнээн их хайсан ч охиноо олж чадсангүй.

Аргаа барсан эцэг эх нь охиноо орхин, цааш явж Зууд мөргөлөө дуусгаад, уйлан хайлан нутагтаа буцжээ. Ийнхүү 3 жил өнгөрөв.

Охиныхоо араас гашуудсан эцэг эхийнх нь уй гашуу ч цаг хугацааны эрхээр бага багаар намжиж энгийн амьдралдаа орж байлаа.

Тэр үед, тэр жил мөн л заншил ёсоор хэсэг айлууд Зууд мөргөхөөр мөнөөх цаст уулын хажуугаар явж байв.

Гэтэл уулын цаад ой модноос бүх бие нь үс ноосонд дарагдсан нэгэн хүүхэн хүмүүс рүү чиглээд гүйн ирэв.

Түүнийг харсан хүмүүс айж сандран зогстол өнөөх хүүхэн:

— Та нар надаас битгий ай. Би хүн байна! гэж хэлжээ.

Хүмүүс гайхан харвал хүүхэн үргэлжлүүлэн:

— Олон жилийн өмнө би ээж, аавтайгаа Зууд мөргөхөөр явж байсан юм. Бид энэ уулын дэргэд буудалласан. Намайг тэмээгээ авчрахаар явахад хүн хар гөрөөс барьж аваад уул руу авч явсан юм. Өнөөдөр би арай гэж түүнээс зугтаж ирлээ гэжээ.

Мөргөлчид асуув:

— Чиний бие дээр чинь ягаад ийм их үс ургачихсан юм бэ?

Хүүхэн:

— Хүн хар гөрөөс өдөр бүр биеийг маань долоосоор байгаад ийм их үс ургасан юмаа. гэв.

Мөргөлчид зэргэлдээ хошууны нэгэн айл олон жилийн өмнө охиноо энэ хавьд алдсан тухай сонсож байсан тул хүүхний ярианд итгэв.

Гэтэл хүүхэн ихэд сандарч:

— Хүн хар гөрөөс намайг араас хөөгөөд ирж яваа. Та нар миний амийг аварч өгөөч! гэж гуйжээ.

Мөргөлчид хүүхнийг өрөвдөн ачаан дотроо нуув.

Удалгүй уулын зүгээс хүн хар гөрөөс гарч иржээ.

Тэр хүүхнийг хайж байгаа бололтой мөргөлчдийн ойр хавиар холхино. Гэвч олон хүнээс эмээсэн мэт тэдэнд ойртож чадсангүй.

Холдож ч чадалгүй хэсэг хугацаанд тэднийг бараадан явснаа гэнэт эргэж, ой мод руу орж алга болжээ.

Мөргөлчид:

— За, одоо явчихлаа гэж бодов.

Тэд хүүхнийг ачаанаасаа гарган, дээр нь суулгаад цааш замдаа гарчээ.

Гэтэл хэсэг явсны дараа өнөөх хүн хар гөрөөс ой модноос гартаа баавгайн арьсан өлгийтэй нэгэн хүүхэд тэврээд дахин гарч ирэв.

Тэгсэнээ уулын хөвөөгөөр мөргөлчдийг даган нааш цааш явж, тэвэрсэн хүүхдээ өнөөх хүүхэнд харуулжээ.

Тэр хүүхэд нь хүн хар гөрөөс болон булаагдсан охины дундаас төрсөн хүүхэд байлаа.

Гэвч мөргөлчид зогсолгүй цааш явсаар байжээ.

Охин ч хүн хар гөрөөс рүү буцаж очсонгүй.

Тэгтэл хүн хар гөрөөс уурлан архираад, гартаа барьсан өлгийтэй хүүхдээ өнөөх мөргөлчид рүү шидчихээд уул руугаа буцан орж алга болсон гэдэг.

Азаар мөргөлчидийн нэг нь хүүхдийг тосон авч ээжийнх нь гарт өгөв.

Ийнхүү хүн хар гөрөөс гэгч амьтан нэгэнт дасаж, дотноссон хүндээ их үнэнч боловч өөрийг нь хаяж одохыг үл тэвчдэг, өрөвдөлтэй атлаа харгис хэрцгий амьтан байсан гэдэг.


Санал болгох үлгэрүүд

Чоно ээж (Монгол ардын үлгэр)

Мөнгөн сарны гүнж (Монгол үлгэр)

7 Хожгор 1 Можгор (Монгол ардын үлгэр)


Төстэй нийтлэл

Монгол ардын бусад үлгэрүүдийг мөн уншаарай:

Төстэй нийтлэл