цэцэн бэрийн үлгэр

Цэцэн бэрийн үлгэр

Сошиалд хуваалцах уу?

унших хугацаа: 3 minutes

ЦЭЦЭН БЭРИЙН ҮЛГЭР

Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Тэнд бас цэцэн охинтой нэг хөгшин байжээ. Тэр хүүхнийг мунхаг хүүдээ авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлээд:

— Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад замтай ч биш, замгүй ч биш газар, өдөр ч биш, шөнө ч биш цагаар, гэрт ч биш гадаа ч биш газраас өгөөрэй! Осолдвол толгойг чинь авна шүү! гэж зарлиг буулгажээ.

Өвгөн их л айж, «Яана ийнэ» гэж гайхаш тасран харьсанд охин нь:

— Тэр юухан байх вэ? Аав та зоволтгүй! гээд арга зааж өгчээ. Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хааныд очоод:

— Хаантан минь ээ, зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчрав. Авч соёрхоно уу гэж хашхирсанд хаан:

— Чи хаана байна? гэж асуухад, өвгөн

— Би гэрт ч биш, гадаа ч биш хана, туурга хоёрын тань завсар байна гэв.

— Чи хэзээ ирэв? гэсэнд өвгөн:

— Өдөр ч биш, шөнө ч биш үүрээр ирлээ гэжээ.

— Хаагуур явж ирээв гэсэнд

— Би замтай газраар ч биш, замгүй газраар ч биш, замын далангаар явж ирэв гэжээ.

— Үнсэн чөдөр яаж зангидав гэсэнд! өвгөн:

— Өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулж шатаан үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гуай соёрхвол авч морио чөдөрлө л дөө гэсэнд хаан:

— За хөгшин! Маргааш танайд очно. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд! гэжээ. Өвгөн «Одоо яана ийнэ билээ»? гэж цөхрөн охиндоо очиж хааны зарлигийг хэлбэл охин нь:

— Тэр гайгүй. Аав та санаа бүү зов. Би аргалъя гэж гэнэ. Маргааш охин аавыгаа араг түшүүлэн нөмгөн суулгаж, хана хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж «Нохой хорь!» гэсэнд хүүхэн гарч ирэн:

— Манайд морилж болдоггүй! гэв.

— Танайх хүн орж болдоггүй яасан юм бэ? гэж хааныг асуухад

— Манай аав нярайлсан гэжээ.

— Эр хүн нярайлж, хүүхэд гаргадаг юм уу? гэсэнд

— Эр үхрээс сүү гардаг юм уу гэж хүүхэн асуув.

Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан «Яасан цэцэн хүүхэн бэ» гэж бодож мунхаг хүүдээ эхнэр болгож авч өгөв. Хаан хэд хоногийн дараа хүүгээ цэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов уу гэж бодоод:

— За хүү минь чи хаан аавдаа хойно урд хоёроо толгойтой морь эмээллэж өг гэжээ.

— За гэж гараад хойно урдаас нь хоёр морийг зөрүүлж баглаад олом жирмээ тасчиж бүр ядав. Манай аав намайг хойно, урд хоёроо толгойтой морь эмээллэж өг гэв. Би эмээллэх гээд чадсангүй ядчихав гэж авгайдаа хэлжээ.

— Чи хээлтэй гүү эмээллээд уячих гэж хэлэв. Хэлсэн ёсоор нь унагалах дөхсөн гүү эмээллэж уяжээ. Хаан, мунхаг хүүдээ «Аавдаа модон хайсанд (тогоо) мах чанаж өг» гэжээ. Хүү нь За! гэж гараад хамаг модон сав бүгддээ мах чанах гээд шатааж тун ядав. Тэгээд эхнэртээ очиж:

— Хаан аав намайг модон хайсанд мах чанаж өгөөч гэхэд нь чанах гээд бүүр ядчихав гэв.

Тэгэхлээр авгай нь:

— Модон шоронд мах шарж болгоод орогтун гэжээ. Тэр ёсоор үйлджээ. Хаан, нэг мөсөн хүн хийлгэж тавьчхаад, — За хүү минь! тэр мөсөн хүнээс үг сураад ир гэжээ. Мунхаг хүү нь үг сурах байтугай дуу ч гаргасангүй. Хамх цохиж балбачхаад:

Эхнэртээ очиж:

— Хаан аав намайг мөсөн хүнээс үг сурч ир гэлээ. Сурах гэж ядчихаад дуугарахгүй болохоор нь хага цохичхоод ирлээ гэж хэлэв. Эхнэр нь «Уул миний бие усан билээ. Мөн бие мөсөн билээ. Зуны зургаан сард харьдаг билээ» гэж хэлээд яваад өглөө гэж хаан аавдаа мэдүүл! гэжээ.

Тэнэг хүү нь тэр ёсоор нь аавдаа хэлжээ. Хаан:

— Аа, миний хүү цэцэн авгай аваад ухаан орж, хаан ширээнд сууж, хамаг түмнийг захирч чадах болжээ! гээд хаан ширээгээ хүүдээ өгчээ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл