Харамч өглөгч хоёр (Хасаг ардын үлгэр)
Унших хугацаа: 3 minutes
Харамч өглөгч хоёр
Эрт урьд цагт Өглөгч, Харамч хоёр мөргөл хийхээр холын замд хамт явахаар болжээ. Харамч нь замдаа Өглөгчийн хоол хүнснээс идэлцсээр замын дунд ороход дуусгаж гэнэ. Тэд явсаар нэгэн агуйд хүрчээ. Хүнсээ дууссан Өглөгч, Харамчаас идэх юм гуйсанд, хүрэх газар хол байхад чамтай адил хоолгүй болчихвол яах юм бэ гээд түүнд юу ч өгсөнгүй, маргааш өглөө нь ганцаараа цааш явж гэнэ.
Өглөгч гол зогоохын тулд аргаа баран өвс зулгааж зажлав. Гэтэл тэр мөчөөс эхлэн аливаа араатан, жигүүртний хэлийг ойлгодог болж гэнэ.
Орой хэрд Өглөгч агуйн мухарт унтахаар хэвтэж байтал шаазгай, үнэг, чоно гурав орж ирэв. «Өнөөдөр юу олж идэв?» гэж үнэг шаазгайгаас асуухад» өглөөнөөс хойш өлөн явна» гэж тэр хариулав.
— Энүүхэнд байгаа улиангарын доор байдаг хулгана үргэлж л алтан зоосоор тоглож байх юм гэж үнэг ярив.
— Энэ уулын цаана мянган хонь, ганц ямаатай нэг баяных байдаг юм, би ч тэдний буянаар гэдэс цатгалан байна. Харин тэр ганц ямааны толгойг идсэн сохор хүн хараа орох учиртай юм гэж чоно ярьжээ.
— Энэ доод булгийн хажууд ургасан хэдэн модны доор эртний долоон хааны эрдэнийн сан булаатай байдаг юм гэж үнэг ярьж гэнэ.
Маргааш өглөө нь тэднийг явмагц Өглөгч агуйгаас гарч улиангарын доор байдаг хулганын нүхнээс алтан зоосыг нь аваад, мянган хоньтой баяныд очиж ганц ямааг нь худалдан авав. Эндхийн хааны охин сохор юм гэдгийг Өглөгч мэдсэн тул ганц ямаагаа хөтлөн хаанд очжээ. Би танай охинд хараа оруулж чадна гэж Өглөгч хэлэхэд хаан ихэд баярлан зөвшөөрч Өглөгч ганц ямаагаа алж, толгойг нь хуйхлан чанаад хааны охинд зоог барьсанд тэр дорхноо хараа орж гэнэ.
Хаан маш их баярлаж, охиноо Өглөгчийн эхнэр болгон өгөөд нижгэр найр хурим хийжээ. Хуримын дараа хаан хүргэндээ:
— Би та хоёрт нутаг, хөрөнгө тастаж өгөх ёстой, чи юу авмаар байна, түүнийгээ хэлэгтүн гэв.
— Хаан эцэг минь, та баруун уулын бэлд байдаг булгийг нутаг болгон өгвөл надад өөр юу ч хэрэггүй гэж Өглөгчийн гуйхад хаан зөвшөөрч гэнэ. Өглөгч, булгийн дэргэд гэрээ барьж, хэдэн модны доор булаатай байсан эрдэнийн санг ухаж аваад тэр нутагтаа хамгийн баян хүн болж элбэг дэлбэг жаргалтай сайхан амьдрах болжээ.
Харин нөгөө Харамч мөргөлөөс буцах замдаа Өглөгчийнд ирж түүний баяжсаныг үзэж ихэд атаархжээ. Тэгээд:
— Би хэчнээн тэнээд, өлсөж даарсан, хоосон хэвээрээ, харин чи яаж ингэж баяжив? гэв.
Өглөгч түүнд яаж баяжсанаа юу ч нуулгүй бүгдийг ярихад Харамч тэр өдрөө агуй өөд яаран явав. Агуйд ирээд үнэг, чоно, шаазгай гурвын ирэхийг хүлээн мухарт нь нуугджээ. Шөнө болж хүлээсэн амьтад ч ирж гэнэ. Чоно шаазгай хоёрт үнэг хэлсэн нь:
— Бидний яриаг ямар нэг амьтан сэм сонссон бололтой, хамаг баялаг хулгайлчихлаа. Ер нь болгоомжтой байх хэрэгтэй, агуйгаа шалгая, хэн ч байж мэднэ гэжээ.
Тэгээд гурвуул агуйг нэгжин Харамчийг олж чоно түүнийг тасчин хаяжээ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.