erkheedei mergen khuu

Эрхээдэй мэргэн хүү

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 4 minutes

Эрхээдэй мэргэн хүү

Урьд нэгэн цагт Эрхээдэй мэргэн гэж байжээ. Гөрөө хийдэг байв. Цаст ууланд явж байтал арван таван толгойтой, атигар хар мангас дайралдаж маргааш өглөө чамайг алж авгай хүүхэд, албат иргэдийг чинь авна гэхэд Эрхээдэй мэргэн «за» гэж зөвшөөрчээ. Ангаас гар хоосон, ганзага сул буцдаггүй Эрхээдэй мэргэн гэртээ хоосон ирээд эхнэр Донжилмаад энэ тухай яривал тэр нь үнэмшсэнгүй.

Маргааш нь явахдаа Эрхээдэй, эхнэртээ арван таван толгойт атигар хар мангас ирж намайг асуувал Хайлаастын ууланд гөрөөлөхөөр явсан гэж хэлээрэй. Хэвлийдээ байгаа хүүхдээ гарахад хүү гарвал Эрхээдэй мэргэн хүү, хүүхэн гарвал арван таван толгойт атигар хар мангас гэж нэр өгөөрэй гэжээ.

Мангас ирээд асуухад Донжилмаа нөхрийнхөө хэлснээр хэлбэл мангас хойноос нь яваад гурван жил эрээд олсонгүй. Чамайг ална гэж хэт хутга билүүджээ. Ингэхэд Донжилмаа Цаст ууланд гөрөөлөхөөр явсан гэж үнэнийг хэлжээ.

Мангасыг явсан хойно эхнэр нь амаржин хүү гарахад нөхрийн хэлснээр Эрхээдэй мэргэн хүү нэр өгчээ. Хүү нь ер бусын өсөлттэй байсан ба нэг хоноход нэг нэхийд багтахгүй, хоёр хоноод хоёр нэхийнд багтахгүй өссөөр эрийн цээнд хүрч эхээсээ аавынхаа хаачсаныг асуувал Донжилмаа хариу хэлдэггүй байжээ.

Ингэхэд нь Эрхээдэй мэргэн хүү нэг өдөр ээжийгээ ингээ саагаад ир! гэж хэлээд гарахад нь тогоонд байсан сүүний нь дор их гал түлж буцалгаад ээж ээ сүү хөөрлөө гэж дуудан галын хайч шанага хоёрыг нууж ээжээ сандрааж байгаад аавынхаа тухай асууж мэдэж авчээ. Тэгээд аавынхаа хойноос явж ачийг хариулна гэж унах морь, тохох эмээл, өмсөх дээлээ заалгажээ.

Эх нь далан таван товчтой дампуу торгон дээл, зуун булганы арьсаар зүйдэлгүй хийсэн минжин тоорцог, зуун гэрийн бүрээсээр хийсэн зузаан нимгэн хоёр тохом, мянган лангийн үнэтэй хазаар, түмэн лангийн үнэт эмээлийг өгч: «Хотны чинь хойд гучин гурван үетэй гурван алд хулсан уурга буй. Гунан үхрийн ширийг гурамсалж хийсэн гунан улаан хуйв чинь эмээлтэй чинь хамт буй.

Унадаг морь чинь ах зах нарын адуучны баруун хойд захад байн, байн янцгаасан, хааяа нэгхэн цавчилсан хүрэн халзан морь буй» гэж хэлжээ.

Хүү хувцсаа өмсөөд эмээлээ үүрээд, уургаа чирч хазаараа барьсаар адуундаа очиж хүрэн халзан морийг өлгөөд авсан чинь дээшээ тэнгэрийн од, доошоо газрын үндэс тоолон бухаж гурав хоног саатжээ. Морио эмээллээд мордсон чинь бас булгиж гурав хоног саатжээ. Гэтэл хойд хударга нь тасарчээ.

Морь нь «Чи сайн эрийн хүү байтал санах сэрэх чинь яав? Миний зооны арьснаас гурван хуруу зүсэж аваад хийчих» гэжээ. Хүү харамсан уйлах дуулахын дунд зоог гурван хуруу зүсэж, хударга хийгээд мордвол бас од, үндэс тоолон бухаж гурав хоног болоод цааш хөдөлжээ. Явж байтал тэмээ хариулсан хүн дайралджээ. Нүүртэй галтай, нүдэндээ цогтой Эрхээдэй бяцхан хүү хаашаа явж байна? гэж асуужээ.

— Би ачит ааваа эрж гараад гурван жил боллоо. Та юм үзэв үү? гэжээ.

— Үзэгдэх юм алга. Зүүн урагшаа явж болохгүй. Арван таван толгойтой мангасын хойгуураа хоёр хөлт, өмнүүрээ улаан хөлт алхуулахгүй зуун тэмээний зуудаг хар буур гэдэг хэцүү амьтан буй гэхэд би явсандаа л явна гээд явжээ.

Гэтэл нээрэн гурван сарын газраас буур угтаж иржээ. Ирэхэд нь барьж аваад урд хоёр хөлийг шилэнд нь тээглүүлж хаяад явжээ. Тэгж яваад хонь хариулж яваа өвгөнтэй дайралджээ.

Түүнтэй мэндчилэн эцгээ эрж яваагаа хэлбэл,

— Үзэгдэх юм алга. Баруун урагшаа явж болохгүй шүү. Арван таван толгойт мангасын асар басар хоёр нохой гурван сарын газраас угтаж ирнэ гэхэд явсандаа явна гээд явжээ.

Гэтэл нээрэн асар басар хоёр нохой гурван сарын газраас хүрч ирэхэд басар нэртэй нохойг баруун гартаа, асар нэртэй нохойг зүүн гартаа бариад цааш явжээ. Явсаар мангасын эцгийнд очоод басар нохойг баруун гар дээр, асар нохойг зүүн гар дээр нь тавиад алтан шүрэн баганаас морио уяад оржээ.

Ороод мэндчилэн эцгээ эрж яваагаа хэлбэл мангасын эцэг:

— Юм үзэгдэхгүй байна. Харин манай хүү ирж яваа бололтой. Гурав хоногийн өмнөөс баруун урьдаас халуун салхи тавьж байна гэжээ.

Эрхээдэй мэргэн хүү баруун урагшаа явж байтал хар морь нь хөлсөндөө хатчихсан, өөрөө ядарчихсан нэг эр хүнтэй уулзжээ. Уулзан мэндчилж эцгээ сураглавал:

— Юм үзэгдэхгүй байна. Баруун урагшаа битгий яв. Арван таван толгойт мангас намайг гурван жил хөөж байна. Одоо би ядарч баригдах нь шиг байна гэжээ.

Хүү, би явсандаа явна гээд явжээ. Явж байгаад арван таван толгойт атигар хар мангастай уулзжээ. Уулзан эцгээ сураглавал,

— За чи миний эрж яваа хүн мөн байна. Хоёулаа үзэлцэнэ дээ. Махан бодоор үзэх үү, зэр зэвсгээр үзэх үү? гэв.

Ингээд зэр зэвсгээр үзэлцэх болж Эрхээдэй мэргэн хүү эмээлийнхээ цаана өндгөн нүдээ гаргаж, гурван удаа харвуулбал арван таван толгойт мангас магнайнаас нь өөр газарт онож харвасангүй. Хүү хариу харвахдаа амийг тасалж таних тэмдэг болон тамхины уут, гаансыг хэт хутгатай нь аваад буцаж ядарсан хар хүнтэй уулзжээ.

Учир явдлаа ярилцвал тэр хүн хүүгийн нэр, эцэг эхийн нэр, нутаг усыг асууж:

— Эрхээдэйн хүү Эрхээдэй мэргэн хүү, эх минь Донжилмаа, нутаг минь их бага газрын чулуу гэдгийг сонсоод өөрийгөө хэлж танилцан уулзжээ. Хүүгээ шинжиж үзвэл, өөрөө илүү бяртай, унасан морь нь арван хоёр шандас илүү байжээ.

Мангасыг алсныг сонсоод хүүгийн авчирсан тэмдгийг харж үнэмшин, хоёулаа мангасын албат иргэн нутаг усыг дагуулахаар явжээ. Мангасын эцгийнд ирвэл

— Манай хүү буцаад явчих шиг боллоо. Баруун өмнөөс хоёр хоног хүйтэн салхи үлээж байна гэжээ.

Хүү мангасын тухай яриад эцэст нь тэмдэг болгон авсан зүйлээ үзүүлж тэднийг хураан авч нутагтаа иржээ. Донжилмаа эр нөхөр, хүү хоёроо үзээд ухаан алдаж унахад хүү нь түмэн лангийн нударгаар илбэн сэрээж амар сайхандаа жаргажээ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл