болдоггүй бор өвгөн

Болдоггүй Бор Өвгөн хүүхдийн үлгэр

Сошиалд хуваалцах уу?
Home » Болдоггүй Бор Өвгөн хүүхдийн үлгэр

Унших хугацаа: 2 minutes

Эрт цагт нисдэг, нисдэггүй хоёр морьтой Болдоггүй бор өвгөн байжээ. Өвгөн нэг удаа бор хониноос нь цагаан хурга гарангуут баярлаад Хурмаст тэнгэрт тахих болов. Тэгээд хургыг эхтэй нь хамт хээр орхиод хонио буцаачихаад иртэл Хурмастын хон хэрээ хөөрхий хурганы нүдийг ухчихсан байжээ.

Болдоггүй бор өвгөн маш их уурлан нисдэг мориороо хэрээг гүйцэж очоод хошууг нь суга татаад оронд нь мод чихээд орхив. Хурмаст тэнгэр хэрээг нь хорлосонд уурлан өвгөний нисдэг морийг идүүлэхээр хоёр чоно явуулжээ.

Өвгөн хоёр мориныхоо байрыг солин уясанд хоёр чоно мэдэлгүй нисдэггүй морийг нь идэв. Болдоггүй бор өвгөн нисдэг мориороо хөөж, хоёр чоныг барьж аваад арьсыг нь амьдаар нь хуулаад салбайлгаад явуулдаг.

Хурмаст тэнгэр маш их хилэгнэн Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гээд хоёр чөтгөрөө илгээв. Өвгөн тогоон дээр юм буцалгаж байхад хоёр чөтгөр ирээд туурганы завсраар сэмээрхэн хартал өвгөн нүүр рүү нь өнөөх тогоотойгоо цацан хоёр чөтгөрийн нүүрийг шалз түлжээ.

Хурмаст тэнгэр маш их хилэгнэн тэр муу өвгөнийг алаад ир гээд хоёр луу явуулав. Өвгөн Болзоотын бор толгой дээр дээлээ тайлж шилбүүрэнд өлгөж орхиод хонио эргүүлэхээр явсан хооронд хоёр луу Болзоотын бор толгойг нүүрс болтол ниргэсэн байж гэнэ.

Тэгэнгүүт өвгөн хоёр лууг барьж аваад сүүлийг нь тас цавчжээ. Хурмаст маш их уурлан Болдоггүй бор өвгөнийг дуудаж байцаадаг. Өвгөн ч “Би танд тахил өргөх гээд хургаа хээр орхисон байсан чинь хэрээ ирээд нүдийг нь ухахаар нь хэрээг шийтгэсэн юм.

Тэгтэл хоёр чоныг та нисдэг морийг минь идээд ир гэж явуулсан байхад тэр хоёр чинь нисдэггүй морийг маань идчихээр нь бас шийтгэсэн юм. Тэгээд хоёр чөтгөр чинь намайг хорлохын оронд гэрийг маань ураад байхаар нь нүүрийг нь түлчихсэн юм. Хоёр луу бас намайг биш Болзоотын бор толгойг ниргэчихээр нь би сүүлийг нь тасалсан юм” хэмээн өөрийгөө өмгөөлсөнд Хурмаст бодож бодож өвгөнийг зөв юм хийжээ гээд шан харамж өгч явуулжээ.

Төстэй нийтлэл