Сүүлэн хүү
Унших хугацаа: 5 minutes
Сүүлэн хүү
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байж гэнэ. Тэр хоёр нар сар харагдсан навсархай муу гэртэй, ачлагын ганц тэмээ, саалийн гурван ямаанаас өөр юмгүй ядуухан амьдардаг байжээ. Өчнөөн жил тэд хүүтэй болохыг мөрөөдсөн боловч одоо болтол тэр хүсэл нь биелээгүй ажээ.
Нэг өдөр эмгэн ямаагаа сааж суутал ямаа нь үргэн тийрч хувинтай сүүг нь арай л асгаж орхисонгүйд ухасхийн тэр ямааг сүүлдэж автал сүүл нь тасран хоцорчээ. Эмгэн сүүлийг эргүүлж тойруулж хэсэг харснаа «Хэрэг болж магадгүй» гэж бодоод ханын толгойд өлгөж, галаа түлэн сүүгээ хөөрүүлж гэнэ.
Тогоотой сүү нь хөөрч эхлэхэд эмгэн
— Иш өвгөн минь, өвгөн минь. Чи бид хоёр энэ их сүүг уудаг хүүтэй ч болоосой! гээд уйлахад ханын толгойд өлгөөтэй байсан ямааны сүүл:
— Би танай хүү болъё! гэж хашхиран хэлжээ.
Эмгэн өвгөн хоёр ихэд баярлан ханын толгойноос Сүүлэн хүүг авч ээлжлэн тэвэрч үнсэн
— Манай Сүүлэн хүү, бидний хайртай Сүүлэн хүү гэж энхрийлэн халуун сүү цадтал нь уулган унтуулж гэнэ.
Маргааш нь айлын хөвүүд давсанд явах болсонд өвгөн Сүүлэн хүүдээ:
— Миний хүү энэ хөвүүдтэй хамт яваад давс ачаад ир, манай давс дуусаж байна гэжээ.
Сүүлэн хүү ганц тэмээн дээрээ үсрэн мордож айлын хөвүүдийг даган явав.
Тэд явсаар давстай нуурт ирж шуудайнуудаа давсаар дүүргэж байтал их салхи босож, бөөн хар үүл тэнгэрийг бүрхээд, аадар бороо орж эхлэв.
Айлын хөвүүд бүгд цув гарган өмсөхөд Сүүлэн хүү цувгүй учир нэг том навчны доогуур ороод атиралдан хэвтэж гэнэ. Тэнд хуурай, дулаан байсан учир удалгүй унтаж орхижээ.
Гэтэл Сүүлэн хүүгийн тэмээ нь хүрч ирээд нөгөө том навчийг доор нь унтаж байсан Сүүлэн хүүтэй хамт идчихэж гэнэ.
Бороо зогсож, нар гарахад айлын хөвүүд Сүүлэн хүүг алга болсныг мэдээд хэчнээн дуудавч хариу гарсангүй, хэчнээн эрэвч олсонгүй, аргаа барж давсаа ачин буцжээ.
Давсанд явсан хөвүүдийг буцаж ирэхэд эмгэн өвгөн хоёр тосон очвол Сүүлэн хүү нь байсангүй, тэмээ нь бурантгаа чирэн явж байв.
— Сүүлэн хүү минь, чи хаана байна? Хайртай хүү минь, хаана байна? гэж өвгөн эмгэн хоёр гашуудан уйлцгаахад Сүүлэн хүү эх эцэг хоёрынхоо орилохыг сонсоод тэмээний гэдэс дотроос
— Би энд байна! Би энд байна! гэж хашхирав.
Үүнийг сонсоод өвгөн ганц тэмээгээ алж гэдэс дотрыг нь өргүүлэн эрсэн боловч олсонгүй, гэртээ орж эмгэнтэйгээ хоёулаа гашуудан уйлсаар байж гэнэ. Гэтэл тэр хоёр ходоодыг нь эргүүлж үзэхээ мартсан байжээ.
Тэр шөнө нэг өлөн чоно түүгээр явж байгаад тэмээний гэдэс дотрыг үзэж бүгдийг нь идчихжээ. Түүнээс хойш тэр чоно амар заяа үзэхээ больж үргэлж өлсгөлөн явах болж гэнэ. Хонь барих гэрд сүрэгт гэтэн ойртоход Сүүлэн хүү гэдэс дотроос нь
— Хөөе хоньчин оо, чоно ирлээ! гэж хашхирахад чоно арьсаа хуулуулчихгүйн тулд амь тавин зугтаадаг болжээ.
Өлсгөлөн явсаар эцэст нь бүр гуринхалж, яс арьс болсон тэр чоно өөрийн найз үнэгтэй уулзаад
— Надад чөтгөр шүгэлчихжээ. Өчнөөн хоног юу ч идсэнгүй өлсөж үхэхэд хүрээд байна. Яаж энэ чөтгөрөөс салах вэ? гэж асуув.
— Өө, тэр амархан. Чи холхон газар гүйж сайн хөлрөөд голын мөсөн дээр очиж суу. Орой болтол суухад тэр чөтгөр чинь даарч, чамаас зайлан одох болно гэж үнэг хэлжээ.
Чоно үнэгний хэлснээр уужим талыг гурав тойрч усан хулгана болтлоо хөлрөөд голын мөсөн дээр очиж суув. Орой болтол сууж, осгож үхэх шахан хамаг бие нь чичирч, шүд нь тачигнаад ирэхэд одоо л өнөө муу чөтгөр зайлсан биз гэж бодоод босож явах гэтэл мөстэй наалдан хөлдсөн байжээ.
Хэчнээн ч зүтгээд ховхорч чадалгүй дэмий л оцгонож байтал хоёр аянчин явж байгаад харж, чоныг цохиж алаад арьсыг нь өвчин авч хавчиг үүрэгтээ хийгээд цааш явжээ. Харин тэд чонын арьстай хамт Сүүлэнхүүг үүргэвчдээ хийснийг мэдсэнгүй гэнэ.
Тэд явсаар бүрэнхий болсон хойно нэг хот айлд ирж хамгийн захын гэрийн гадаа очоод хонуулахыг гуйхад гэрийн эзэн
— Та нар хэдүүлээ вэ? гэж асуухад хоёр аянчин
— Хоёулаа гэв.
Харин Сүүлэн хүү;
— Надтай гурвуулаа гэж хашхирсан боловч тэд анзаарсангүй.
Гэрийн эзэн тэднийг оруулмагц Сүүлэн хүү үүргэвчнээс сэмхэн гараад гэрийн хаяанд байсан эмээлийн тохмын доогуур гүйж ороод нуугдаж гэнэ.
Ирсэн зочдын өмнө том тавагтай мах тавив. Харин Сүүлэн хүүг өөрийг нь тоосонгүй гэж зэвүүцэн «За гайгүй, би та нарыг дөнгөнө дөө» гэж бодоод сэмхэн гэтэж очоод өөхөн дэнг үлээж унтраав. Тэр дотор бөөн шуугиан дэгдэж, чүдэнзээ эрээд олохгүй мунгинацгааж байх хооронд нь тавагтай махыг бүгдийг идэж орхиод тохмын доогуур нуугдчихаж гэнэ. Гэрийн эзэн арай ядан гэрэл гаргахад хоёр аянчин мах идэхээр дөхөн суусанд том таваг хоосон байв.
— Чи л бүгдийг нь идчихлээ!
— Үгүй би биш, харин чи л бүгдийг идсэн! гэж хэрэлдэн арай л зодолдсонгүй салж гэнэ.
Гэрийн эзэн тэдний хэрүүлийг салгаж,
— Та хоёрын хэн нь ч идсэн ялгаагүй, одоо унтах цаг боллоо гээд бүгд хэвтэн унтаж гэнэ.
Тэднийг дөнгөж унтмагц Сүүлэн хүү тохмон доороосоо гарч ирээд түйвээж эхлэв. Тэр гадаа гарч хотноос нь нэг тарган ирэг алж хоёр аянчны дунд тавьж, гэрийн эзний толгойд хувин углаж, хоёр охины нь гэзгийг хооронд нь холбож уяад гарахдаа ган тулгыг нь тотгоноос нь зүүж, босгоны нь урд бөөн хадаас дээш нь харуулан зоож гэнэ. Тэгээд хоттой хонийг нь үргээж,
— Хөөе босоорой хотонд чоно орлоо гэж хашхирав.
Гэрийн эзэн юу болов гэж цочин бостол толгойд нь төмөр хувин углаатай байсныг авч шидчихээд үүд рүү явтал тотгоноос дүүжлээстэй байсан тулганд хүзүүгээрээ орж сүнсээ гартал айж газар суутал хадаасан дээр сууж орхив. Өвдсөндөө амьтан цочтол аймаар муухай хашхиран огло үсрэн гарахад гэрт унтаж байсан хүмүүс бүгд сэрж бөөн үймээн дэгдэж гэнэ.
Нэг аянчин нь сэрээд гараа сунгатал нөхрийнх нь оронд хонь хэвтэж байв. Нөгөө бадарчин нь гараа сунгаж бас хонь байхыг үзээд,
— Чи чинь хонь болж орхисон юм биш биз?! гэхэд нөгөөдөх нь:
— Би биш ээ, харин чи л хонь болсон бололтой гэж хоорондоо хэрэлдсээр зодолдож эхлэв.
Хоёр охин нь сэрээд бас л хэрэлдэв.
— Чи юу гэж гэзэгнээс чангаагаад байгаа юм бэ? гэж нэг нь хэлэхэд нөгөөдөх нь:
— Харин чи л миний гэзэгнээс чангааж байна шүү дээ гэлцэн зодолдож эхлэв.
Харин Сүүлэн хүү хаалган дээр зогсоод энэ бүгдийг харж баясан элгээ даран тачигнатал хөхөрч хөхөрсөөр байгаад элэг нь хөшөөд үхэж гэнэ.
Сошиал орчинд хуваалцах уу?
Санал болгох бүтээгдэхүүн
Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт
-
Хүүхдийн өвдөгний хамгаалалт15,000₮
-
Product on saleБугатти машин Тобот / Tobot/Original price was: 40,000₮.31,000₮Current price is: 31,000₮.
-
Хүүхдийн танин мэдэхүйн карт13,000₮
-
Спорт робот загвартай машин110,000₮
-
Product on saleOcean Life Puzzle | Далайн гүн дэх амьдрал пазлOriginal price was: 29,000₮.20,000₮Current price is: 20,000₮.