lusiin emee

Лусын эмээ (Япон ардын үлгэр)

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 3 minutes

Лусын Эмээ

Эрт урьдын цагт Накамура тосгонд эх барихдаа гаргууд сайн нэгэн эмгэн амьдран суудаг байжээ. Ямар ч хүндрэлтэй байсан өнөөх эмгэн байгаа үед нялх үрс эсэн мэнд төрдөг болохоор тосгоныхон түүнийг “Накамурагийн эх баригч” хэмээн хүндлэн дууддаг байв.

Нэгэн удаа эмгэнийг унтаж байтал шөнө дундын үед гэрийнх нь хаалгыг хүн тогшиж гэнэ. “Тог тог тог тог то…г” “Энэ шөнө болсон хойно манай хаалгыг тогшиж байхыг бодвол эх баригч яаралтай хэрэгтэй болж дээ“ гэж бодон эмгэн яаран босов. Хаалгаа онгойлгоход гадаа нь нэг залуу “Ийм орой ирсэнд уучлаарай. Гэхдээ та яг одоо надтай цуг явах хэрэгтэй байна” гэж ихэд сандарсан байдалтай хэлэв.

Эмгэн “Ямар нэг асуудал болоо юу даа, хаашаа явах вэ?” хэмээн асуухад, өнөөх залуу “Маш хол газар… , Би танд замчилъя, харанхуй учир та урдах замаа сайн харж яваарай” гэв. Ингээд залуу эмгэний урд гаран алхаж эхлэхэд харанхуй шөнө боловч яагаад ч юм эмгэний урдах зам гэрэлтэж байсан учраас эмгэн ямар нэг зүйлд бүдрэлгүйгээр төвөггүйхэн алхаж байв.

Явж байгаа замын ойролцоо далайн давлагаа сонсогдож байсан учраас “Далайтай ойр явж байгаа юм байна даа” хэмээн бодон алхаж байтал гэнэт нүд нь харанхуйлан ухаан алдчихав.

… Гэнэт ухаан орон нүдээ нээтэл, алт мөнгө гялалзсан ордонд ирсэн байв. Эмгэн гайхан эргэн тойрноо харж байтал ордны эзэн лусын хаан гарч ирлээ. “Орой болсон хойно тэр хол газраас дуудаж төвөг удаж байгаад уучлаарай. Та охиныг минь төрөхөд тусална уу” гэж лусын хаан хэлэв.

“Төрөх өө?” гэж эмгэн хэсэг гайхсан боловч тэр даруй охины төрөх өрөө руу очиход, охин үнэхээрийн хүнд байдалтай царай нь цонхийсон хэвтэж байв. “Ээ охин минь, эмээ нь одоохон эх бариад биеийг нь амрааж өгье” гээд хэрэгтэй зүйлсээ бэлдэж бяцхан хан хүүг эх барин авав.Лусын хаан машид их баярлан “Та охиныг минь аварч тус боллоо, ачийг тань хэрхэн хариулах вэ” гээд маш их хэмжээний алт, мөнгө эмгэнд өгөх гэсэн боловч эмгэн түүнийг авсангүй.

Лусын хаан сандран “Танд энэ таалагдахгүй байна уу? Өөр ямар нэг зүйл хүсмээр байгаа юм уу?” гэхэд, эмгэн “Үнэндээ бол тийм ээ. Манай тосгонд бороо хур бараг орохгүй, тарьсан будаа маань ч хатаж дуусаад байгаа тул Лусын хаан минь та хэрэв боломжтой бол өөрийн хүчийг ашиглан бороо оруулж өгөөч” гэж хүсэв.

Тосгоны хүмүүсийн байдлыг ойлгосон Лусын хаан эмгэний хүслийг хүлээн авч “За, тэгвэл танай тосгоныхон борооны бүжиг хийвэл түүнээс хойш хангалттай бороо орох болно” хэмээжээ.Ингээд эмгэн Лусын хааны ордноос гэр лүүгээ харихаар явав. Эмгэнийг Лусын хааных руу явсан хойгуур тосгоныхон түүнийг алга болсныг мэдээд бүгдээрээ санаа зовон хайцгааж байв.

Эмгэн гэртээ буцаж ирэн тосгоныхондоо болсон явдал болон бороо оруулах талаар Лусын хаантай тохирсон тухайгаа ярив. Тосгоныхон “Ээ гялай, та тосгоныхныгоо аварлаа, эмээ минь” хэмээн бүгд чин сэтгэлээсээ дахин дахин талархав. Энэ явдлаас хойш тосгоныхон эмгэнийг “Лусын Эмээ” хэмээн дуудах болсон гэнэ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл