dursgui khuu

Дүрсгүй хүү

Сошиалд хуваалцах уу?

Унших хугацаа: 3 minutes

Дүрсгүй хүү

Өвгөн эмгэн хоёр нэг дүрсгүй хүүтэй байжээ. Тэднийх ганц үнээтэй, түүнийхээ сүүг агуйн даяанч ламд зөөдөг байв. Дүрсгүй хүү энэ ажлаас төвөгшөөж нэг очихдоо ламд:

— Маргааш өглөө манай аав таныг ална гэж байна гэв. Буцаж ирээд аавдаа:

— Лам таныг маргааш өглөө ирж агуйн үүд томсгож өгөөч! гэж байна гэв. Өглөө аав нь цүүц лантуугаа аваад очиж агуйн гадна талаас цохивол агуй дотор байсан лам:

— Амь авар! гэж хашхирав.

Энэ юу болж байна гээд харилцан ярилцвал тэр хоёрыг хүү мэхэлсэн нь мэдэгдэв. Аав нь уурлаад хүүгээ залхаахаар ирж явааг үзээд хүү эхдээ:

— Ээж ээ, аав таныг ална гэж ярьж байсан. Одоо манай үнээний тугалыг чоно хөөлөө, та далим гаргаад зугтаа гэвэл ээж нь тугалын хойноос гүйжээ. Аавыгаа ирэхэд хүү:

— Манай тугалыг чоно хөөгөөд ээж тийшээ явлаа. Таныг буугаа аваад хойноос хурдан оч! гэсэн гэвэл аав нь буугаа аваад сандран явжээ.

Эхнэр нь түүнийг хараад намайг алах гэсэн нь үнэн байж гэж бодон цааш зугтаахад аав нь хөөсөөр хоёулаа бахардан арайхийж уулзаад харилцан ярьж хүүгийн мэхэлснийг ойлгоод хүүгээ залхаахаар эргэж иржээ. Хүү энэ учрыг мэдээд ганц морио унаж зугтаахаас өөр аргагүй болж гэнэ.

Явсаар нэг баян айлын найрт ирээд гадаа хүүхдийн тоглоом дотор байсан бөөн алтыг авч мориныхоо бөгсөнд хийгээд оржээ.

Найрт сууж байхдаа хүү байн байн өндөлзөж морио гарч харж байсныг ажигласан хаан, хүүг сэжиглэж учрыг асуувал:

— Миний морь алтаар баадаг шидтэй тул ажиглаж байна гэжээ. Тэгэхээр нь хаан:

— Чамайг үнэн хэлсэн бол морийг чинь худалдан авч юу хүссэнийг чинь өгнө. Хэрэв худал бол цаазална гэж зарц нартаа тушаав.

Ингэхэд нэг өвгөн түшмэл нүдээ ирмэж, хааны суудлын дэргэд хэвтэж байсан шар жингэрийг онцлон зааж өгчээ. Их удалгүй морь нь бааж, зарц нар алтаар баасныг оруулж ирвэл түүнийг өгөөд оронд нь шар жингэрийг авъя гэлээ.

Тэр шар жингэр нь хааны ганц охин байсан бөгөөд түүнийг ид шидээр хувилгаж ийм болгосон тул арга буюу хэлсэндээ хүрч охиноо өгөөд гэр барьж өрх тусгаарлажээ. Хаан хүүгийн морийг өдөрт нэг хүнээр мануулан алтан баасыг сахиулсан боловч алтаар баахгүй болоход анхандаа сэжиглэж, тэр хүнийг цаазаар авч байсан бол сүүлдээ хүүг хардаж биднийг мэхэлжээ хэмээн ухаарч түүнийг алахаар шийдвэрлэжээ. Хүү үүнийг мэдээд нэг удаа хээр явахдаа сонин гоё чулуу олж эхнэртээ өгөөд:

— За, чи намайг алахаар хүмүүс ирэхэд энэ чулуугаар намайг чиглүүлэн үх! гэж хэлээд дохиорой. Би үхнэ. Тэгээд дараа нь сэх гээд дохиорой. Би сэхнэ гэжээ.

Хаан тэргүүтнийг ирэхэд хүүгийн эхнэр түүний зааснаар гүйцэтгэвэл хаан ихэд сонирхож хүүг алахаа айгаад оронд нь гоё чулууг авч явжээ. Очоод чулууныхаа ид шидийг үзэх гэж хатныхаа дух руу үх! гээд цохисон чинь цохилуурыг онож алжээ. Сэх! гээд сэхээж чадсангүй тул энэ удаа бас тэнэмэл хүүд чадагдлаа гээд уурсан хүүг ширлэн, усанд хаяж алахаар шийдвэрлэн ирж хүүг ширлээд далай руу авч явжээ.

Замдаа пүүсийн эзэн өөрийн түнш хожгор Хятадынд орж цайлав гэнэ. Гэтэл хааныг цайлж суух завсар хожгор хятад гарч ирээд, хүүгээс «Яаж байгаа юм бэ?» гэж асуухад ингэж ширлүүлбэл хожгор толгойд үс ургадаг юм гэж мэхлээд хожгор Хятадыг өөрийн оронд ширлэж өөрөө нуугджээ.

Хаан хожгор Хятадыг дуудвал тэр нь ширэн дотроос дуугарахад хаан муу хүү бас дахин залилах гэж байна гээд түүнийг үг дуугүй аваачиж далайд хаяжээ. Энэ хойгуур хүү, хожгор хятадын пүүсээс үлэмж их торго, бараа авч харьжээ. Хаан үүнийг сонсоод эд хөрөнгөнд шунахайрч хүүг дуудан асуувал:

— Намайг далайд хаяхад чинь лус өмчөө хувааж байна. Таныг очвол бүр их хувь оногдоно гэж хааны шунаг сэтгэлийг хөдөлгөж дагуулан далайд аваачиж усанд живүүлжээ. Эндээс буцаж ирээд эхнэрээ авч хариад ээж аав хоёроо өргөж амар сайхан жаргажээ.

Сошиал орчинд хуваалцах уу?

Санал болгох бүтээгдэхүүн

Хамгийн их худалдаалагдсан бүтээгдэхүүний жагсаалт

Төстэй нийтлэл